Пап Нийтийн бараалхал дээр: Есүс бол бидний найдвар юм!

2025 оны Жүбили жилд зориулсан шашны цуврал хичээл. Есүс Христ Бидний Найдвар. II. Есүсийн амьдрал. Сургаалт зүйрлэлүүд. 11. Цус алддаг эмэгтэй ба Иаирын охин. “Бүү ай, гагцхүү итгэ!” (Мк 5:36)

Хайрт ахан дүүс ээ,

Өнөөдөр бид найдварын тэмдэг болсон Есүсийн эдгээлтүүдийн тухай ахин авч үзэх болно. Түүн дотор, Түүний Хүмүүн биетэй харилцах харилцаанд бидний ч мэдэрч чадах хүч чадал оршдог.

Бидний цаг үед өргөн тархсан нэгэн өвчин бол амьдралаас залхах юм: бодит байдал хэтэрхий төвөгтэй, ачаалал ихтэй, нүүр тулахад хэцүү юм шиг санагддаг. Тиймээс бид унтаад сэрэхэд бүх зүйл өөр болох юм шиг төөрөгдөлд автдаг. Гэвч бодит байдал гэдэг тулгарах ёстой зүйл бөгөөд Есүстэй хамтдаа бид үүнийг даван туулж чадна. Заримдаа бид бусдад шошго зүүхийг оролддог хүмүүсийн шүүлтээс болж хаалт саадыг мэдэрдэг.

Ийм нөхцөлд нөхцөлд хариулт өгч чадах хоорондоо огтлолцсон хоёр түүх Маркийн бичсэн Сайн мэдээний айлдалд бий, энэ бол үхлээ хүлээн хэвтэрт байх арван хоёр настай охин болон арван хоёр жилийн турш цус алдах эмгэгээр шаналж буй Есүсээс эдгээж өгөхийг гуйж буй эмэгтэйн түүх юм (харьц. Мк 5:21-43).

Энэхүү хоёр эмэгтэйн дүрийн хамт Сайн мэдээний айлдлыг бичигч охины эцгийн талаар мөн дурджээ: Тэр бол охиныхоо өвчинтэй эвлэрч гэртээ үлдэхийн оронд тусламж гуйхаар одсон нэгэн юм. Хэдийгээр тэр Синагогийн ахлагчдын нэг боловч өөрийн нэр нөлөөг ашигласангүй. Хүлээх шаардлага тулгарахад тэр тэвчээрээ алдалгүй хүлээсээр байв. Хүмүүс түүн дээр ирж охин нь нас барсан тул Багшид төвөг удах хэрэггүй гэж хэлэх үед ч тэр үргэлжлүүлэн итгэж, найдсаар байлаа.

Энэхүү эцэг болон Есүсийн яриаг тасалдуулан цус алдах өвчтэй эмэгтэй Есүст ойртон ирж нөмрөгт нь хүрч амжлаа (Эшлэл 27). Хүн бүр түүнийг зай барьж, холд хэмээн хэлсээр байсан боловч энэ эмэгтэй их зориг гарган амьдралыг нь өөрчлөх шийдвэрийг гаргаж чадсан юм. Хүмүүс түүнийг үл харагдах газар, тусдаа бай хэмээн хэлж байсан. Бид ч гэсэн заримдаа ийнхүү бусдын шүүмжлэлд автаж, өөрсдийнхөөрөө байлгах гэсэн албадлагад өртөж болно. Тэгээд үүнээсээ болж зовж шаналан, гарч чадахгүй нөхцөлд ордог.

Энд өгүүлэх эмэгтэй Есүс л түүнийг эдгээж чадна гэсэн итгэлтэй байсан хүч чадлыг олж авралын замд оржээ. Тэр Түүнд хүрэх, ядаж хувцсанд нь ч болтугай хүрэхийг хүсэж байсан.

Есүсийг эргэн тойронд нь олон хүн хүрээлж, түүнд олон хүн хүрсэн, гэхдээ тэдэнд юу ч тохиолдсонгүй. Харин энэ эмэгтэй түүнд хүрмэгцээ эдгэрчээ. Үүний учир юунд оршиж байна вэ? Гэгээн Августин энэ хэсгийн тухай өгүүлсэн тайлбартаа – Есүсийн нэрээр – “хурсан олон шахцалдаж, итгэл түүнд хүрч байв” (Sermon 243, 2,2) хэмээн бичжээ. Үүнийг ийнхүү тайлж болно: бид итгэл бишрэлтэйгээр Есүст хандах бүрд түүнтэй харилцаа бий болж, Түүнээс хишиг ивээл нь ундран гардаг. Бид үүнийг тухайн үед нь ухаараагүй байсан ч, нууцлаг бөгөөд бодит арга замаар энэхүү хишиг ивээл бидэнд хүрч, аажмаар бидний амьдралыг дотроос өөрчлөн хувиргаж байдаг.

Өнөөдөр ч гэсэн, олон хүн Есүсийн хүчин чадалд үнэн сэтгэлээр итгэхгүйгээр Түүнд өнгөцхөн байдлаар ханддаг байж магадгүй. Бид сүм рүү алхаж явах хэдий ч, бидний зүрх сэтгэл харин хаа нэгтээ өөр газарт байна! Энэхүү чимээгүй, хэний ч үл таних, өвчнөөсөө болж бузар хэмээн тооцогдож байсан эмэгтэй өөрийн айдсаа даван туулж өөрийн гараар Есүсийн зүрх сэтгэлд хүрч чаджээ. Тиймээс тэр хүрсэн даруйдаа эдгэрсэн юм. Есүс түүнд: “—Охин минь, итгэл чинь чамайг аврав. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун гэв” (Мк 5:34).

Яг үүнтэй зэрэгцээд, өнөөх эцэг охин нь нас барсан тухай мэдээ хүлээн авлаа. Есүс түүнд “Бүү ай, гагцхүү итгэ” (Эшлэл 36) гэж хэлэв. Тэгээд Тэр тэдний гэрт нь очиж, хүн бүр уйлан хайлж буйг хараад “Энэ хүүхэд үхээгүй. Харин унтаж байна (Эшлэл 39) гэв. Тэр хүүхдийг тавьсан өрөөнд орж, гараас нь атгаад түүнд  “Talità kum” буюу “Бяцхан охин минь, бос!” гэж хэлсэн. Охин босоод явж эхлэв (харьц.41-42). Есүсийг үүнийг үйлдсэнээр бидэнд Тэр зөвхөн өвчнийг илаарьшуулаад зогсохгүй, үхлээс ч амилуулж чадна гэдгийг харуулсан билээ. Мөнхийн амь болсон Тэнгэрбурханы хувьд махан биеийн үхэл бол унтахтай адил зүйл юм. Жинхэнэ үхэл бол сүнснийх юм: үүнээс бид харин эмээх ёстой!

Сүүлийн хэсэгт анхаарлаа хандуулъя: Охиныг амилуулсныхаа дараа Есүс эцэг эхэд нь хандаж, түүнд идэх юм өг гэж хэлсэн (харьц. 43). Энэ бол Есүс бидэнд өөрийгөө хүн төрөлхтөнтэй хэр ойр байдаг гэдгээ тодорхой харуулж буй бас нэгэн тэмдэг юм.  Мөн бид үүнийг илүү гүнзгийрүүлэн ойлгоё гэвэл өөрсдөөсөө дараах асуултыг асууж болох юм: бидний үр хүүхдүүд хүнд хэцүү үе тохиолдоход, сүнслэг шим тэжээл шаардлагатай үед бид үүнийг хэрхэн тэдэнд өгөхөө мэддэг бил үү? Хэрэв бид өөрсдөө Сайн мэдээний айлдлаас энэхүү шим тэжээлээ авч чаддаггүй бол хэрхэн үр хүүхдүүддээ өгч чадах вэ?

Хайрт ахан дүүс ээ, амьдралд урам хугарах, итгэл найдвараа алдахаас эхлээд үхэлтэй ч тулгарах үе бий. Энэхүү сургаалт зүйрлэл дэх эмэгтэйгээс, энд өгүүлж буй эцгээс суралцацгааж, Есүс рүү очицгооё. Тэр биднийг эдгээж чадна, Тэр биднийг амилуулж чадна. Есүс бол бидний найдвар юм!

***

УРИАЛГА

Өнгөрсөн ням гарагт, Дамаск хотын Грекийн үнэн алдартнуудын эсрэг Mar Elias сүм рүү халдсан террорист халдлага болжээ. Энэхүү халдлагад өртөж шархдсан хүмүүс, тэдний гэр бүлийнхнийг Тэнгэрбурханы нигүүлсэлд даатган, залбирч байна. Ойрх Дорнод дахь Христэд итгэгчтэй ойр дотно байгаагаа илэрхийлье, бүхий л сүмүүд та бүхэнтэй ойр дотно байгаа гэдгийг энд дурдая!

Энэхүү эмгэнэлт үйл явдал нь олон жилийн  турш мөргөлдөөн, тогтворгүй байдалд байсан Сири улс одоо ч эгзэгтэй нөхцөлд байдалд байгааг эргэн санууллаа. Тиймээс олон улсын хамтын нийгэмлэг энэ улсыг орхилгүйгээр, эв санааны нэгдэл болон энх тайвныг сэргээн босгох, эвлэрлийн төлөөх үүрэг амлалтаа сахиж үргэлжлүүлэн дэмжих нь чухал байна.

Мөн Иран, Израил, Палестин улсуудын нөхцөл байдал сайжрахыг итгэлтэйгээр үргэлжлүүлэн анхааралтай ажиглаж байна. Эш үзүүлэгч Исаиагийн “Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй, дахин хэзээ ч дайтахад суралцахгүй” (Иса 2:4) хэмээх үгс урьд өмнөхөөсөө илүү тод сонсогдож байна. Хамгийн Дээд Нэгэнээс ирэх энэхүү үгс биеллээ олох болтугай! Цус урсгасан мөргөлдөөний шарх эдгэрэх болтугай! Бардам зан болоод өс хонзонгоос татгалзаж, үүний оронд яриа хэлэлцээ, дипломат ажиллагаа, энх тайвны замыг сонгоцгооё.

Тусгай мэндчилгээ:

Энэхүү өглөө англи хэлээр ярьдаг орнууд, ялангуяа Мальта, Эсватини, Гана, Кени, Өмнөд Африк, Австрали, Хятад, Энэтхэг, Индонез, Филиппин, Өмнөд Солонгос болон Америкийн Нэгдсэн Улсаас хүрэлцэн ирсэн эргэл мөргөлчид болон зочдыг хүлээн авч байгаадаа баяртай байна. Нэгдсэн Хаант Улсын Citizens UK католик хөдөлгөөний гишүүдэд тусгайлан мэндчилгээ дэвшүүлж байна. Зургаадугаар сард дуусаж буй энэхүү цаг мөчид бид Есүсийн Ариун Зүрхэнд өөрсдийгөө даатган бидний итгэл бишрэлийг нэмэгдүүлж, биднийг өөр рүүгээ эргүүлээч хэмээн гуйцгаая. Тэнгэрбурхан та бүхнийг адислах болтугай!

25 Зургаадугаар сар 2025, 20:34

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >