Пап Нийтийн бараалхал дээр: Харилцаа бүхий мэдлэг
Шашны хичээл. Ватиканы II Дээд Хуралдааны баримт бичгүүд. «Тэнгэрбурханы үг» (Dei Verbum) Ягшмал үндсэн хууль. 2. Есүс Христ бол Эцэгийг илчлэгч мөн.
Хүндэт ахан дүүс ээ, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе, тавтай морилно уу!
Бид Ватиканы II Дээд Хуралдаанаас тунхагласан Ягшмал үндсэн хууль болох тэнгэрлэг Илчлэлийн тухай өгүүлсэн Тэнгэрбурханы үг (Dei Verbum) нэртэй баримт бичиг дээрх сургаал айлдлаа үргэлжлүүлж байна. Тэнгэрбурхан бидэнтэй гэрээний харилцан яриа тогтоож, Өөрийгөө илчлэхдээ бидэнд анд нөхөд шигээ ханддагийг бид үзсэн билээ. Тиймээс энэ нь зөвхөн үзэл санаа дамжуулж буй хэрэг биш, харин нэгэн түүхийг хуваалцаж, харилцан нэгдэл-нөхөрлөлд урин дуудаж буй харилцаа бүхий мэдлэг юм. Тэнгэрбурхан Өөрийгөө бидэнд илчилж байгаа нь Тэр бидний амьдралд бодитоор оршин байж, бидэнтэй биечлэн уулзаж буй хэрэг. Энэхүү түүхэн хийгээд хувийн уулзалтаас бид Тэнгэрбурханд танигдсан, хайрлагдсан нэгэн гэдгээ мэдэрч, өөрсдийн оршихуйн хамгийн гүн үнэнийг олж хардаг. Энэ бүхэн Есүс Христээр дамжин биеллээ олдог. Учир нь Христ бол Тэнгэрбурханы тухай хамгийн гүн үнэн болон хүний авралын төлөвлөгөөг бидэнд тодхон харуулсан нэгэн юм. Тэрээр биднийг Тэнгэрбурхантай холбох зуучлагч болохоос гадна Тэнгэрбурханы илчлэлийн эцсийн бөгөөд төгс дүүрэн илэрхийлэл билээ (харьц: DV, 2).
Есүс биднийг Эцэгтэйгээ тогтоосон харилцаандаа урих замаар Түүнийг бидэнд илчилдэг. Тэнгэрбурхан Эцэгийн илгээсэн Хүүгээр дамжуулан "хүн Ариун Сүнс дотор Эцэгт хүрч, тэнгэрлэг мөн чанарыг хүртэх" (өмнөх эшлэлд) боломжтой юм. Иймээс бид Ариун Сүнсний ачаар Хүүгийн Эцэгтэйгээ харилцах харилцаанд нэвтрэн орсноор Тэнгэрбурханыг бүрэн дүүрэн таньж мэддэг. Жишээлбэл, Сайн Мэдээний сударч Лук Эзэний баяр хөөрийн залбирлыг өгүүлэхдээ үүнийг ийнхүү гэрчилсэн байдаг. «Үүнийг мэргэд хийгээд ухаантнуудаас далдалж, эгэл хүмүүст илчилсэн, тэнгэр газрын Эзэн, Эцэг Таныгаа Би магтъя. Тийм ээ, Аав минь, ингэх нь Таны хувьд тааламжит хэрэг байлаа. Бүх зүйлийг Эцэг минь Надад даатгасан. Хүүг хэн гэдгийг Эцэгээс өөр хэн ч мэдэхгүй. Түүнчлэн Эцэгийг хэн гэдгийг Хүүгээс болон Хүүгийн хүслээр илчлэл авах хүмүүсээс өөр хэн ч мэдэхгүй» (Лук 10:21-22).
Есүсийн ачаар бид Тэнгэрбурханд танигдсаныхаа адилаар Түүнийг танин мэддэг (Гал 4:9, 1 Кор 13:12-той харьцуул). Үнэхээр ч, Христ дотор Тэнгэрбурхан Өөрийгөө бидэнд илэрхийлэхийн зэрэгцээ, Үгийн дүр төрхөөр бүтээгдсэн Түүний хүүхдүүд бидний жинхэнэ мөн чанарыг ил болгосон юм. Энэхүү 'Мөнхийн Үг... бүх хүнийг гэгээрүүлж' (DV 4), Эцэгийн мэлмийд тэдний хэн болох үнэнийг илчилдэг. Есүс хэлэхдээ 'Далдыг хардаг Тэнгэрбурхан Эцэг чинь чамайг шагнах болно' (Мт 6:4, 6:6) хэмээгээд, цааш нь 'Тэнгэрбурхан Эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэй гэдгийг мэднэ' (Мт 6:32) гэж нэмж айлдсан байдаг. Бид Эцэгийн үнэнийг танин мэдэх, 'Хүү доторх хүүхдүүд' хэмээн танигдсанаа олж нээх, мөн бүрэн дүүрэн амьдралын ижил хувь заяанд дуудагддаг тэрхүү орон зай бол Есүс Христ юм. Гэгээн Паул ийн бичжээ: 'Харин зохистой цаг нь болмогц Тэнгэрбурхан хууль зааврын дор эмэгтэй хүнээс төрүүлэх замаар Хүүгээ илгээсэн нь хууль зааврын дор байгсдыг чөлөөлж, үрчлэгдэх эрхийг бидэнд олгохын төлөө байлаа. Та нар хүүхдүүд нь болсон учраас Тэнгэрбурхан та нарын сэтгэл зүрхэнд Хүүгийнхээ Сүнсийг илгээж, ингэснээр бид 'Абба, Аав аа' гэж дуудаг болжээ (Гал 4:4-6).
Эцэст нь, Есүс Христ хүн байдлаараа Эцэгийг илчилдэг. Тэрээр хүмүүсийн дунд оршин буй махбод болсон Үг учраас Өөрийн жинхэнэ бөгөөд бүрэн төгс хүн байдлаараа дамжуулан Тэнгэрбурханыг бидэнд илчилдэг юм. Тийм ч учраас Ватиканы Дээд Хуралдаанаас: «Тиймээс Тэрээр — хэн Түүнийг харна, тэр Эцэгийг харах болно (Иохан 14:9). Тэрээр Өөрийн бүхий л оршихуй ба илрэл, үг ба үйлс, тэмдэг ба гайхамшгууд, тэр дундаа Өөрийн үхэл ба үхэгсдээс амилсан сүр жавхлант амилалт, эцэст нь үнэний Сүнсийг илгээснээрээ илчлэлтийг гүйцэлдүүлж, бүрэн биелүүлдэг» (DV 4) гэжээ. Тэнгэрбурханыг Христээр дамжуулан таньж мэдэхийн тулд бид Түүний бүрэн дүүрэн хүн байсан явдлыг хүлээн зөвшөөрөх ёстой. Хүн байх мөн чанараас ямар нэгэн зүйлийг хасаж орхивол Тэнгэрбурханы үнэн тэнд бүрэн дүүрэн илчлэгддэхгүй аж. Үүний нэгэн адил Есүсийн бүрэн дүүрэн хүн байдал нь Тэнгэрбурханы тэнгэрлэг хишгийн дүүрэн байдлыг өчүүхэн ч бууруулдаггүй. Эцэг Тэнгэрбурханы тухай үнэнийг бидэнд хүүрнэн өгдөг зүйл бол Есүсийн тэрхүү бүрэн дүүрэн хүн байдал юм (Иохан 1:18).
Биднийг аварч, нэгтгэн дууддаг зүйл бол зөвхөн Есүсийн үхэл ба амилалт биш, харин Түүний бие хүн өөрөө юм. Энэ бол бие махбод болж, төрж, эдгээн анагааж, заан сургаж, зовж шаналан, үхэж, амилсан бөгөөд бидний дунд үүрд оршин буй Эзэн мөн. Тиймээс, 'Биежсэн Үг'-ний аугаа байдлыг дээдлэхийн тулд Есүсийг зөвхөн оюун санааны үнэнүүдийг дамжуулагч 'суваг' төдийхнөөр авч үзэх нь хангалтгүй юм.
Хэрэв Есүс бодит бие махбодтой байсан бол Тэнгэрбурханы үнэн яг тэр биеэр нь дамжин хэрэгждэг. Өөрөөр хэлбэл, Тэрээр бодит байдлыг хүний ёсоор мэдэрч, хүний нүдээр харж, энэ дэлхий дээр яаж амьдарсан, амьдралын замналаа хэрхэн туулж өнгөрүүлсэн нь өөрөө Тэнгэрбурханы тухай үнэнийг бидэнд илчилж байгаа хэрэг юм. Есүс бодит байдлыг харж байсан тэрхүү харцаа хуваалцахаар биднийг урьдаг: 'Тэнгэрийн шувуудыг харагтун' хэмээн Тэр айлдаад, 'Тэд тарьдаггүй, хураадаггүй, амбаарт ч цуглуулдаггүй. Гэвч тэнгэрлэг Эцэг тань тэднийг тэжээдэг. Та нар тэднээс хавьгүй илүү үнэ цэнэтэй бус уу?' (Матай 6:26) хэмээжээ.
Ах дүү нар минь, Есүсийн замыг эцсээ хүртэл дагаснаар бид Тэнгэрбурханы хайраас юу ч биднийг салгаж чадахгүй гэсэн бат итгэлд хүрдэг. Гэгээн Паул: 'Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх билээ? Өөрийн Хүүгээ ч харамлалгүй [бидний төлөө өгсөн] Тэрээр Түүнтэй хамт бүх зүйлийг бидэнд соёрхохгүй гэж үү?' (Ром 8:31-32) хэмээн бичжээ. Есүсийн ачаар Христэд итгэгч хүн Эцэг Тэнгэрбурханыг таньж мэдэн, Түүнд бүрэн итгэлтэйгээр өөрийгөө даатгадаг юм.
