Пап Нийтийн бараалхал дээр: Тэнгэрбурханы үгийн хөдөлгөгч хүч

2025 оны Жүбили жилд зориулсан шашны цуврал хичээл. Есүс Христ Бидний Найдвар. II. Есүсийн амьдрал. Сургаалт зүйрлэлүүд 6. Тариачин. Есүс тэдэнд олон зүйлийг сургаалт зүйрлэлээр ярилаа (Мт 13:3а)

Хайрт ахан дүүс ээ,

Та бүхэнтэй анхны нийтийн бараалхлаараа уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр би Жүбили жилд зориулан Пап Францисын эхлүүлсэн "Есүс Христ Бидний Найдвар" сэдэвт шашны хичээлийг үргэлжлүүлэх болно.

Өнөөдөр Есүсийн сургаалт зүйрлэлүүдийн талаар үргэлжлүүлэн тунгаан бясалгацгаая, учир нь сургаалт зүйрлэлүүд бидэнд Тэнгэрбурхан түүхэнд хэрхэн ажилладгийг харуулдаг учраас энэ нь бидэнд найдвараа бататгахад тусалдаг билээ. Бүх сургаалт зүйрлэлүүдийн оршил гэж хэлж болохуйц, зарим талаараа онцлог тариачны тухай сургаалт зүйрлэл (Мт 13:1-17) дээр өнөөдөр анхаарлаа хандуулцгаая. Тодорхой утгаараа өнөө үед Сайн мэдээг тунхаглахад бидэнд шаардлагатай зүйлсийг зааж сургах энэхүү түүхээс бид Есүсийн харилцааны арга барилыг танин мэдэх боломжтой.

Сургаалт зүйрлэл бүр нь өдөр тутмын амьдралаас сэдэвлэсэн түүх хэдий ч үүгээр бидэнд илүү ихийг өгүүлж, илүү гүн гүнзгий утга санааг илэрхийлэхийг хүсдэг билээ. Сургаалт зүйрлэл биднийг өнгөцхөн хараад зогсохгүйгээр өөрсдөдөө асуулт тавихад хүргэдэг. Надад өгүүлж буй түүх эсвэл дүр зургийг хараад - Энэ дүр зураг миний амьдралын тухай юуг өгүүлж байна вэ? хэмээн өөрөөсөө асууж болно. Үнэндээ "сургаалт зүйрлэл" гэсэн нэршил нь грек хэлний paraballein буюу урд нь шидэж өгөх гэсэн утгатай үйл үгээс гаралтай юм. Сургаалт зүйрлэл биднийг өдөөж, өөрсдөдөө эргэлзэхэд хүргэх үгсийг бидний урд шидэж өгч байдаг.

Тариачны тухай сургаалт зүйрлэлд Тэнгэрбурханы үгийн хөдөлгөгч хүч болон түүний бий болгох үр нөлөөний талаар тодорхой өгүүлдэг. Үнэн хэрэгтээ, Сайн мэдээний үг бүр нь бидний амьдралын хөрсөнд цацагдсан үртэй адил юм. Есүс үр гэсэн дүрслэлийг олон удаа, өөр өөр утгаар ашигласан байдаг. Матайн бичсэн Сайн мэдээний айлдлын 13 дугаар бүлэгт тариачны тухай сургаалт зүйрлэл нь бусад хэд хэдэн богино сургаалт зүйрлэлүүдийг мөн агуулсан бөгөөд эдгээрийн зарим нь буудай ба үрийн сүүл, гичний үр, талбайд нуусан эрдэнэсийн тухай гэхчлэн хөрс шороотой холбоотой зүйлсийг тодорхой өгүүлдэг. Тэгвэл энэ хөрс гэдэг нь чухам юуг хэлээд байна вэ? Энэ бол бидний зүрх сэтгэл, мөн бас дэлхий ертөнц, нийгэм, сүм юм. Тэнгэрбурханы үг үнэндээ бүх бодит байдлыг үр өгөөжтэй болгож, өдөөж байдаг.

Эхний хэсэгт бид Есүсийг гэрээсээ гарахад эргэн тойронд нь асар олон хүн цугларч байгааг хардаг (харьц. Мт 13:1). Түүний үг гайхшируулж, сонирхлыг нь татна. Хүмүүсийн дунд олон янзын нөхцөл байдал байгаа нь ойлгомжтой. Есүсийн үг хүн бүрд зориулагдсан боловч хүн бүрд өөр өөр байдлаар хүрдэг. Энэхүү уялдаат нөхцөл нь сургаалт зүйрлэлийн утгыг илүү сайн ойлгох боломжийг бидэнд олгоно.

Нэгэн ер бусын тариачин үр тариалахаар гарсан ч үр хаана унахад анхаарал хандуулсангүй. Тэр үр жимс өгөх магадлал багатай газрууд болох зам дээр, хадан дээр, өргөст бут дунд хүртэл үр цацжээ. Энэ хандлага сонсогчдыг гайхшируулж, яах гэж тэр вэ? хэмээн өөрийн эрхгүй асуухад хүргэнэ.

Бид бүх зүйлийг тооцоолон бодсоор дассан байдаг, энэ нь зарим тохиолдолд хэрэг болох хэдий ч хайрын хувьд энэ нь хамаарахгүй! Энэ “үрэлгэн” тариачин үрээ шидэж буй арга барил нь Тэнгэрбурханы биднийг хайрладаг дүр төрх юм. Үнэн хэрэгтээ, үр үндэслэх эсэх нь хөрс үрийг хэрхэн хүлээж авах, ямар нөхцөл байдал тохиохоос бас шалтгаалдаг нь үнэн, гэхдээ юун түрүүнд энэ сургаалт зүйрлэлд Есүс Тэнгэрбурхан Өөрийн Үгийн үрийг бүх төрлийн хөрсөнд, өөрөөр хэлбэл бидний бүхий л нөхцөл байдал дунд цацдаг хэмээн өгүүлж байна: заримдаа бид илүү өнгөцхөн, анхаарал сарнимтгай байдаг, заримдаа бид төөрөлдсөн байдаг. Заримдаа хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж, заримдаа амьдралын санаа зовнилд дарагдана, харин заримдаа нээлттэй байж хүлээн авахад бэлэн байдаг билээ. Тэнгэрбурхан итгэлтэйгээр эрт орой хэзээ нэгэн цагт үр цэцэглэнэ гэж найдаж байдаг. Тэр биднийг ингэж хайрладаг: Тэр биднийг сайн хөрс болохыг хүлээдэггүй, харин тэр үргэлж өөрийн үгээ бидэнд харамгүй өгсөөр байдаг. Магадгүй түүний бидэнд итгэж байгааг хараад илүү сайн хөрс байх хүсэл тэмүүлэл бидний дотор асах байх. Энэ бол Тэнгэрбурханы өгөөмөр сэтгэл, нигүүлслийн чулуун дээр суурилсан найдвар юм.

Үр жимс ургах арга замыг ярихдаа Есүс мөн өөрийнхөө амьдралын тухай ярьж байна. Есүс бол Үг, Тэр бол Үр юм. Мөн үр жимс өгөхийн тулд үр нь үхэх ёстой. Иймээс энэ сургаалт зүйрлэл нь Тэнгэрбурхан бидний төлөө энэхүү үрийг “ашиглахад” бэлэн байгааг мөн бидний амьдралыг хувирган өөрчлөхийн тулд Есүс үхэхэд бэлэн гэдгийг бидэнд өгүүлдэг.

Ван Гогийн "Нар жаргах үеийн тариачин" хэмээх нэгэн сайхан уран зураг миний санаанд орж ирлээ. Тэрхүү зурагт халуу шатсан наранд ажиллах тариачны дүрээр газар тариаланчдын хүнд хүчир хөдөлмөрийг дүрсэлжээ. Тариачны ард Ван Гог аль хэдийн боловсорч гүйцсэн үр тариаг дүрсэлсэн нь надад гайхалтай санагддаг. Үр нь боловсорч ургацаа аль хэдийн өгсөн учраас үүнийг би найдварын дүрслэл хэмээн боддог. Хэрхэн хүрснийг бид мэдэхгүй ч үр дүн нь нэгэнт гарчээ. Тариачныг зургийн төв хэсэгт дүрслэхийн оронд хажуу хэсэгт нь зогсож буйгаар, харин нарыг зургийг бүхэлд нь давамгайлахаар дүрсэлсэн байгаа нь заримдаа байхгүй эсвэл хол байгаа мэт санагдаж байсан ч түүхийг хөдөлгөгч бол Тэнгэрбурхан юм гэдгийг бидэнд сануулах гэсэн мэт. Нар л газрын хөрсийг бүлээцүүлж, үрийг боловсруулдаг билээ.

Хайрт ахан дүүс ээ, өнөөгийн амьдралын ямар нөхцөл байдалд Тэнгэрбурханы Үг бидэнд хүрч байна вэ? Түүний үг болох энэхүү үрийг үргэлжид хүлээн авах нигүүлслийг Эзэнээс гуйцгаая. Хэрэв бид өөрсдийгөө үржил шимтэй хөрс биш гэдгээ ухаарвал үүндээ урам хугарах хэрэггүй, харин биднийг илүү сайн хөрс болгохын тулд бидэнд анхаарч өгөхийг Түүнээс гуйцгаая.

***

УРИАЛГА

Газын зурвас дахь нөхцөл байдал улам түгшүүртэй, хүнд хэцүү болж байна. Хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг зөвшөөрч, хүүхдүүд, өндөр настан, өвчтэй хүмүүс зүрх шархлуулам төлөөсийг нь амсаж буй дайсагналыг таслан зогсоохыг би дахин уриалж байна.

Тусгай мэндчилгээ:

Би англи хэлээр яригч эргэл мөргөлчид болон зочид, ялангуяа Англи, Ирланд, Унгар, Норвег, Нигери, Сенегал, Танзани, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, Индонез, Малайз, Монгол, Филиппин, Өмнөд Солонгос, Вьетнам, Канад, Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн хүмүүст мэндчилгээ дэвшүүлье. Би "Ансигийн Гэгээн Иосефын Эгч Дүүс" бүлгэм, "Католик Апостолатын Палоттин Шашин Дэлгэрүүлэгч Эгч Дүүс" бүлгэм, "Гэгээн Иером Эмилианигийн Охид" бүлгэм, "Христийн Төлөөх Хосууд" хөдөлгөөний төлөөлөгчид, Керригийн шашны хүрээний эргэл мөргөлчид, "Гэгээн Кассианы Төв"-ийн олон улсын сайн дурын ажилтан залуучуудтай тусгайлан мэндчилж байна. Найдварын Жүбили жил та нарт болон та бүхний гэр бүлд нигүүлсэл, сүнслэг байдлын шинэчлэлийн цаг мөч болох болтугай хэмээн сайн сайхныг хүсэн залбирч, Эзэн Есүсийн баяр хөөр, амар амгаланг та бүхэнд урин дуудаж байна.

Гэгээн Эцгийн үгсийн хураангуй:

Хайрт ахан дүүс ээ, Папаар сонгогдсоны дараах анхны нийтийн бараалхлаараа та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр Пап Францисын эхлүүлсэн "Христ бидний Найдвар" сэдэвт Жүбили жилийн шашны цуврал хичээлийг үргэлжлүүлж, тариачин ба үрийн тухай Есүсийн сургаалт зүйрлэлээс эргэцүүлэхийг хүслээ.  Үрээ янз бүрийн хөрсөнд, тэр ч байтугай бараг ургах боломжгүй чулуурхаг газарт хүртэл цацах тариачны өгөөмөр, бүр хайхрамжгүй ч гэж хэлж болохуйц үйлдэл биднийг гайхшируулж байна. Есүс энэхүү үр бол хэнийг ч үлдээхгүйгээр бүх хүмүүсийн зүрх сэтгэлд үр жимс өгөх учиртай Тэнгэрбурханы үг хэмээн тайлбарлажээ. Энэхүү сургаалт зүйрлэлийг сонсоод бид үүнийг өөрсдийн амьдралдаа тусган авч, түүний хишиг ивээлийг хүртэх илүү сайн, илүү үржил шимтэй хөрс болохын төлөө хичээцгээе. Тариачны тухай сургаалт зүйрлэл нь мөн бидэнд өөрийн үхэл ба амилалтаараа дамжуулан арвин үр жимс өгөхийн тулд хөрсөнд цацагдан үхсэн үр болох Есүсийн талаар бас бодоход хүргэлээ. Ван Гогийн алдарт уран зураг дээрх тариачны дүрслэл арвин их ургац амлах найдваруудын нэгийг бидэнд дүрслэн харуулжээ. Өөрийн авралын үг ба хувирган өөрчлөх хүч чадал руу бидний зүрх сэтгэлийг нээж, бидний амьдрал болон аж төрж буй дэлхий ертөнцийг илүү баялаг болгож өгөхийг өнөөдөр, мөн өдөр бүр Эзэнээс гуйцга

21 Тавдугаар сар 2025, 21:11

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >