Хайх

Пап Нийтийн бараалхал дээр: Амьдрал бол үнэ цэнтэй, Түүний хүсэл бол бид бүгдэд үүнийг мэдүүлэх юм

2025 оны Жүбили жилд зориулсан шашны цуврал хичээл. Есүс Христ Бидний Найдвар. II. Есүсийн амьдрал. Сургаалт зүйрлэлүүд 8. Усан үзмийн талбайн ажилчид. "Тэр тэдэнд 'Та нар ч бас усан үзмийн талбай руу яв' гэв" (Мт 20:4)

Хайрт ахан дүүс ээ,

Бидний найдварыг тэтгэх Есүсийн нэгэн сургаалт зүйрлэлийг би энэ удаад ярихыг хүслээ. Үнэндээ амьдралын утга учрыг олж чадахгүй мэт санагдах үе тохиолдоход бид гудамж зээл дээр зогсоод хэн нэгэн нь хөлслөхийг хүлээж буй ажилчид шиг хэрэгцээгүй, хангалтгүй мэтээр өөрсдийгөө мэдэрдэг. Харин заримдаа цаг хугацаа улирч, бидний амьдрал урсан өнгөрөх хэдий ч бид хүлээн зөвшөөрөгдөж, үнэлэгдсэн мэдрэмжийг мэдрэхгүй байсаар байдаг. Цагтаа ирээгүйгээс болж хэн нэгэн биднээс өрсөж, бид хоцорсон, эсвэл асуудал бэрхшээл биднийг хаа нэгтээ саатуулж байж ч магадгүй юм.

Гудамж зээл гэсэн энэхүү ёгт утгыг өнөө үед ашиглахад ч тохирох юм, учир нь зах бол худалдаа наймааны газар, харамсалтай нь энд ашиг хонжоо олохын тулд сэтгэл зүрх, эрхэм чанараа ч худалдаж, худалдан авч байдаг. Тиймээс бид талархал хүлээж, хүлээн зөвшөөрөгдөөгүй үедээ өөрсдийгөө хамгийн эхний үнэ санал болгосон хүнд л худалдахад бэлэн байдалд орох эрсдэлтэй байдаг. Харин Эзэн бидэнд амьдрал бол үнэ цэнтэй, Түүний хүсэл бол бид бүгдэд үүнийг мэдүүлэх юм хэмээн энэхүү сургаалт зүйрлэлээр сануулж байна.

Өнөөдрийн сургаалт зүйрлэл дээр хэн нэгэн нь хөлслөхийг бүхэл өдөржингөө хүлээсэн ажилчдын тухай мөн өгүүлжээ. Матайн бичсэн Сайн мэдээний айлдлын 20 дугаар бүлгийн тухай бид ярьж байна, энд ер бусын зан чанартай, биднийг гайхшируулж, сорих нэгэн дүртэй тааралдана. Тэр бол усан үзмийн талбайдаа ажиллуулах ажилчдаа өөрөө эрж хайдаг газрын эзэн билээ. Тэр ажилчидтайгаа хувьчилсан харилцаа тогтоох хүсэлтэй гэдэг нь илт.

Өмнө өгүүлсэнчлэн, энэ бол найдварын тухай сургаалт зүйрлэл, учир нь энэ газрын эзэн өдөртөө хэд хэдэн удаа гадагш гарч, амьдралд нь утга учир өгөхийг хүлээж буй хүмүүсийг эрж хайдаг. Газрын эзэн үүр хаяармагц гэрээсээ гарч, үүнээс цааш гурван цаг тутамд гадагш гарч усан үзмийн талбай руугаа явуулах ажилчдыг эрж хайдаг. Энэ хуваариар бол үдээс хойш гурван цагаас хойш гарч явах ямар ч шаардлагагүй билээ, учир нь ажлын цаг зургаа гэхэд дуусах юм.

Гэвч ямар ч үнээр хамаагүй хүн нэг бүрийн амьдралд үнэ цэн өгөхийг хүсдэг энэхүү шаргуу эзэн харин оройн таван цагт гарч явлаа. Зах дээр үлдсэн ажилчид энэ үед бараг л бүх найдвараа алдсан байв. Тэр өдөр тэдэнд ямар ч ажил олдсонгүй. Гэсэн хэдий ч нэг хүн тэдэнд итгэсэн билээ. Ажлын өдөр дуусахаас өмнө ганцхан цаг л ажиллах ажилчид авах нь шаардлагагүй юм биш үү? Харин ч эсрэгээрээ, бид амьдралдаа багахан зүйлийг хийх чадвартай байлаа ч энэ нь үргэлж хангалттай юм. Тэнгэрбурхан бидний амьдралыг хайрладаг учраас утга учрыг олох боломж үргэлж байдаг.

Энэхүү газрын эзний өвөрмөц зан чанарыг бид мөн өдрийн төгсгөлд ажилчдынхаа хөлсийг өгөх үед хардаг билээ. Эзэн усан үзмийн талбайд нь үүрээр ажиллаж эхэлсэн эхний ажилчдад тохиролцсон ёсоор нэг денар өгөв. Тэр тэдэнд шударгаар төлнө гэснийгээ бусдад нь хэллээ. Яг энэ хэсэгт сургаалт зүйрлэлийн бидэнд хэлэх гэсэн гол санаа гарч ирнэ: Юуг шударга гэх вэ? Энд өгүүлсэн усан үзмийн талбайн эзэн буюу Тэнгэрбурханы хувьд хүн нэг бүр өөрийн амьдралд хэрэгцээтэй байгаагаа хүлээн авах нь шударга юм. Тэр ажилчдаа нэг бүрчлэн өөрөө сонгож авсан, тэр ажилчдынхаа эрхэм чанарыг мэднэ, үүнийхээ үндсэн дээр тэр тэдэнд ийнхүү төлөхийг хүсэж, хүн бүрд нэг денар өгсөн билээ.

Сургаалт зүйрлэл дээр эхний цагаас эхлэн ажилласан ажилчид дургүйцэн гомдоллосон гэж өгүүлжээ: тэд эзнийх нь энэ үйлдэл шударга бус биш, харин өгөөмөр зан, тэр биднийг гавьяа зүтгэлээр бус, хэрэгцээнийх нь дагуу сонгон авсан гэдгийг олж харж чадсангүй. Тэнгэрбурхан бүрэн дүүрэн, мөнхийн, аз жаргалтай амьдрал болох өөрийн хаанчлалыг бүх хүмүүст өгөхийг хүсдэг. Тиймээс Есүс зэрэг зиндаа үүсгээгүй, тэр өөрт нь зүрх сэтгэлээ нээсэн хүмүүст өөрийн гэсэн бүх зүйлсээ өгнө.

Энэхүү сургаалт зүйрлэлтэй холбоотойгоор, Христэд итгэгч өнөөгийн хүмүүс магадгүй "Яагаад шууд ажиллаж эхэлнэ гэж? Хэрэв ажлын хөлс нь адилхан бол яагаад илүү ажиллах шаардлагатай вэ? гэж асуумаар санагдаж байгаа байх. Гэгээн Августин энэхүү эргэлзээнд дараах хариултыг өгчээ: Шагнах нь гарцаагүй атлаа хэзээ ирэх нь үл мэдэгдэх нэгний өөрийг чинь дуудах дуудлагад хариулахаа юунд хойшлуулна вэ? Үйлдлээ хэтэрхий удаан хойшлуулахаас болгоомжлогтун, ингэснээр чи түүний чамд амласныг алдахгүй байх болно.[1]

Би ялангуяа залуучууд хандан, бүү хүлээ, өөрийнхөө усан үзмийн талбайд ажиллуулахаар биднийг дуудах Эзэний дуудлагад урам зоригтойгоор хариулаарай гэж хэлэхийг хүсэж байна. Бүү хойшлуул, ханцуйгаа шамлацгаа, учир нь Эзэн бол өгөөмөр бөгөөд та нарыг гонсойлгохгүй! Эзэний усан үзмийн талбайд ажиллахдаа та нар "миний амьдралын утга учир юу вэ?" гэсэн гүн гүнзгий асуултынхаа хариултыг олох болно.

Хайрт ахан дүүс ээ, хамтдаа урам зоригоо алдахгүй байцгаая! Бидний хайж буй хариултыг өгөлгүйгээр урсан өнгөрөх цаг хугацаа, амьдралын хар бараан мөчид ч Түүнийг хүлээн зогсож буй хүмүүсийг эрж хайхаар эргэн ирэх Эзэнээс асууцгаая. Тэр бол өгөөмөр бөгөөд удахгүй эргэн ирэх болно!

_____________________

[1]  Гэгээн Августины сургаал  87, 6, 8.

_________________

Тусгай мэндчилгээ:

Би өнөөдрийн нийтийн бараалхалд хүрэлцэн ирсэн англи хэлээр ярьдаг орнуудын эргэл мөргөлчид болон зочдод, ялангуяа Англи, Шотланд, Ирланд, Финланд, Кени, Энэтхэг, Индонез, Өмнөд Солонгос, Филиппин болон Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн хүмүүст халуун дотно мэндчилгээ дэвшүүлье. Пэнтикостын их баярыг ёслон тэмдэглэхээр бэлтгэж буй энэхүү цаг мөчид Ариун Сүнсний бэлгүүд та бүхэн болон та бүхний гэр бүлийнхний дээр бялхан бууж ирэхийг урин дуудаж байна. Тэнгэрбурхан та бүхнийг адислах болтугай!

Гэгээн Эцгийн үгсийн хураангуй:

Хайрт ахан дүүс ээ, "Есүс Христ бидний Найдвар" сэдэвт Жүбили жилд зориулсан шашны цуврал хичээлээр бид өнөөдөр эцсийн мөчид хөлслөгдсөн ажилчдын тухай сургаалт зүйрлэлийн (Мт 20:1-16) тухай эргэцүүллээ. Арваннэгдүгээр цагийн орчимд ажиллаж эхэлсэн ажилчдад хүртэл ажлын хөлсийг нь эн тэнцүү олгож буй энэхүү газрын эзний дүр бол өөр рүү нь ирэгчдийг цаг үргэлж эрж хайж байдаг бидний Эцэг Тэнгэрбурханыг илэрхийлж байна. Бүрэн дүүрэн, мөнх амийг өгөх тэнгэрийн хаанчлалаа хуваалцах түүний урилгад хожуу хариу өгсөн нэгнийг ч түүний хайр ба өгөөмөр сэтгэл ялгалгүйгээр арвин ихээр шагнадаг билээ. Тэнгэрбурхан хэзээ ч шантардаггүй, хэдий бидний нөхцөл байдал найдваргүй мэт санагдаж, бидний гавьяа зүтгэл өчүүхэн харагдах үед ч тэр биднийг хүлээн авч, амьдралд маань утга учир, найдварыг өгөхөд үргэлж бэлэн байдаг. Бид бүгдээрээ, ялангуяа залуучууд усан үзмийн талбайдаа ажиллуулахаар дуудах Түүний дуудлагад өгөөмөр, урам зоригтойгоор хариулах болтугай!

04 Зургаадугаар сар 2025, 21:42

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >