Хайх

Пап Нийтийн бараалхал дээр: Алхана гэдэг нь үүрэг хариуцлагаа хүлээж, аль замаар явахаа сонгоно гэсэн үг юм.

2025 оны Жүбили жилд зориулсан шашны цуврал хичээл. Есүс Христ Бидний Найдвар. II. Есүсийн амьдрал. Сургаалт зүйрлэлүүд. 10. Саа өвчтөнг эдгээв. “Тэнд хэвтэж буй түүнийг Есүс харж, удаан хугацаагаар тийм байсныг нь мэдээд, түүнээс - Чи эрүүл болохыг хүсэж байна уу? гэж асуув.”

Хайрт ахан дүүс ээ,

Эдгээгч Есүсийн талаар үргэлжлүүлэн тунгаан бясалгацгаая. Өнөөдөр би та бүхнийг мухардалд орж, нэг ч алхам урагшлах боломжгүй "гацсан" мэт санагддаг амьдралынхаа мөчүүдийг бодохыг уриалж байна. Ийм үед бид үргэлжлүүлэн итгэж найдах нь ямар ч утга учиргүй мэт санагдаж, бууж өгч, цаашид тэмцэх хүсэлгүй болдог. Ийм нөхцөл байдлыг Сайн мэдээний айлдалд саа өвчнөөр төлөөлүүлэн дүрсэлжээ. Тиймээс би өнөөдөр Гэгээн Иоханы бичсэн Сайн мэдээний айлдлын тавдугаар бүлэгт өгүүлдэг саа өвчтнийг эдгээсэн түүхийн талаар ярих гэж байна (5:1-9).

Есүс иудейчүүдийн баярын үеэр Йерусалем руу явлаа. Тэр шууд ариун сүм рүү очихыг хүссэнгүй, харин тахилд өргөх хоньдыг угааж буй газрын ойролцоох хаалганы дэргэд түр саатав. Энэхүү хаалганы ойролцоо маш олон өвчтэй хүмүүс байлаа, хоньдоос ялгаатай нь эдгээр хүмүүсийг ариун бус хэмээн тооцох тул сүмээс тусгаарлагджээ! Эдгээр зовж шаналж буй хүмүүст туслахаар Есүс өөрөө тэдэн рүү хүрч очив. Мөнөөх хүмүүс хувь тавиланг нь өөрчлөх гайхамшигт найдацгаах ажээ, үнэхээр ч тэдний хэвтэх хаалганы дэргэд өвчтэй хүнийг эдгээх хүчтэй гэгдэх нэгэн цөөрөм байх агаад ус хөдлөх үеэр хамгийн түрүүлж орсон хүн өвчнөөсөө илаарьшдаг хэмээн итгэдэг байв.

Энэ нь "ядуу, өвчтэй хүмүүсийн дунд зүрх шимшрүүлсэн өрсөлдөөн" бий болоход хүргэжээ. Цөөрөм рүү орохоор тэмцэлдэх өвчтэй хүмүүсийн өрөвдөлтэй дүр зургийг бид эндээс төсөөлж болно. Энэхүү цөөрмийг Бетезда гэж нэрлэх бөгөөд “энэрэл нигүүлслийн өргөө” гэх утгатай, тиймдээ ч энэхүү цөөрмийг өвчтэй, ядуусын цугларч, тэдэнд эдгэрэл ба найдварыг өгөхөөр Эзэн өөрөө ирдэг сүмийг илэрхийлсэн дүр зураг хэмээн үзэж болно.

Есүс онцгойлон гучин найман жилийн турш саа өвчтэй байсан нэгэн эртэй ярилцлаа. Тухайн үед тэр эр цөөрмийн ус хөдлөхөд хэзээ ч түрүүлж орж чадахгүйгээсээ болж нэгэнт бууж өгсөн байв (Харьц. Эшлэл 7). Урам хугарах нь биднийг саа өвчтөн мэт болгодог. Бид энэ үед шантарч, үл хайхрах ангал руу унах эрсдэлд ордог.

Есүс саа өвчтэй хүнээс " Чи эрүүл болохыг хүсэж байна уу?" (Эшлэл 6.). Энэ нь маш ойлгомжтой мэт санагдах ч үнэндээ чухал асуулт байв. Ийм удаан хугацаанд өвчтэй байсан хүн эдгэрэх хүсэл нь хүртэл унтарсан байдаг. Заримдаа бид өвдсөн хэвээрээ үлдэхийг сонгож, бусдыг өөрт нь анхаарал халамж тавихыг шаарддаг. Заримдаа бас өөрсдийнхөө амьдралд хийх ёстой зүйлсээсээ зайлсхийхийн тулд өвчин эмгэгээ шалтаг болгон ашиглах нь бий. Харин Есүс энэ хүний ​​сэтгэлийн гүнд нуугдаж байсан хамгийн үнэн бөгөөд далд хүслийг нь сэрээжээ.

Есүсийн асуултад хариулахдаа саа өвчтэй хүн амьдралыг харах өөрийн өнцгийг үнэнээр илчилж тодорхой хариулсан. Юун түрүүнд түүнийг цөөрмийн усанд оруулж өгөх хүн байхгүй гэж хэлсэн. Энэ нь түүний буруу биш, харин өөрийг нь хайхрахгүй байгаа бусад хүмүүсийн буруу юм. Ийм хандлага нь хариуцлагаас мултрах шалтаг болжээ. Гэхдээ түүнд туслах хүн үнэхээр байгаагүй гэж үү? Үүнд Гэгээн Августин дараах мэргэн хариултыг өгчээ: "Тийм ээ, үнэхээр түүнд эдгэрэхэд нь ‘хүн’ хэрэгтэй байсан. Тэрхүү ‘хүн’ нь бас Тэнгэрбурхан юм... Одоо хэрэгтэй хүн нь ирлээ. Эдгэрэхээ юунд хойшлуулна вэ?" (Tractate, 17:7)

Саа өвчтэй хүн цөөрмийн усанд орохыг оролдох бүрд өөр хэн нэгэн үргэлж түүнээс түрүүлж ирсэн байдаг гэж нэмж хэллээ. Эдгээр үгс нь түүний амьдрал урьдаас шийдэгдсэн байдаг гэх үзлийг нь илтгэнэ. Бид ямар нэгэн зүйл буруугаар эргэх үед бид л азгүй байна, хувь тавилан бидний эсрэг байна гэж итгэдэг. Саа өвчтөн үнэхээр цөхөрсөн байв. Амьдралын төлөөх тэмцэлд ялагдсан мэт түүнд санагдаж байлаа.

Харин Есүс түүнд түүний амьдралд өөрийнх нь гарт байгааг ойлгоход тусалсан. Есүс түүнд бос, дэвсгэрээ аваад алх, энэхүү нөхцөл байдлаас өөрийгөө гарга хэмээн уриалсан (харьц. Эшлэл 8). Дэвсгэрээ үлдээ, эсвэл хая гэж хэлээгүй, учир нь энэ нь түүний өвчтэй өнгөрүүлсэн амьдрал, түүний амьдралын замналыг илэрхийлж байна.  Өнөөдрийг хүртэл түүнийг өнгөрсөн амьдрал нь хүлж, үхсэн хүн мэт хэвтрийн байхад хүчилж байсан юм. Харин одоо тэр дэвсгэрээ аваад хүссэн газар руугаа алхаж чаддаг боллоо: тэр өөрийн амьдралаа өөрчлөх шийдвэрээ өөрөө гаргаж чаддаг болсон! Алхана гэдэг нь үүрэг хариуцлагаа хүлээж, аль замаар явахаа сонгоно гэсэн үг юм. Есүсийн тусламжтайгаар тэр үүнийг хийж чаджээ!

Хайрт ахан дүүс ээ, бидний амьдралд саад болж буй зүйлсийг ойлгох оюуны билигт хишгийг Эзэнээс гуйцгаая. Эдгэрэх хүслээ зоригтойгоор илэрхийлцгээе. Гарах гарцаа олж чадахгүй байгаа, саатай бүх хүмүүсийн төлөө залбирцгаая. Жинхэнэ “Энэрэл нигүүлслийн өргөө” болох Христийн Зүрх рүү хандацгаая!

***

УРИАЛГА

Хайрт ахан дүүс ээ,

Дайны хөлд нэрвэгдсэн газрууд, ялангуяа Украин, Иран, Израил, Газын зурвас дахь гашуун зовлонд санаа чилээж байна. Бид хэзээ ч дайнд дасах ёсгүй! Хүчирхэг, боловсронгуй зэвсгийг эзэмшиж, ашиглахыг хүссэн уруу таталтаас татгалзах ёстой. “Орчин үеийн шинжлэх ухааны ололтоор үйлдвэрлэж буй бүх төрлийн зэвсгийг дайнд ашиглаж байгаа нь өнөө үед өмнөх үеэс хэт хол давсан харгис хэрцгий байдалд хүргэж, аюул заналхийлж байна” (ВАТИКАНЫ ХОЁРДУГААР ДЭЭД ХУРАЛДААН, Gaudium et Spes, Пасторал Үндсэн Хууль, 79). Иймээс би, хүн төрөлхтний эрхэм чанарыг хүндэтгэж, олон улсын эрх зүйн зарчмыг мөрдүүлэхийн тухайд Пап Францисын айлдсан “Дайн бол үргэлж ялагдал байдаг!, Пап XII Пиогийн “Энх тайван байснаар бид юуг ч алддаггүй. Харин дайн болоход бид бүхнээ алддаг” хэмээн анхааруулж байсан үгсийг эш татан холбогдох хүмүүст дайныг зогсоохыг дахин уриалж байна.

____________________________________________________

Мэндчилгээ:

Өнөөдрийн нийтийн бараалхалд хүрэлцэн ирсэн англи хэлээр ярьдаг орнууд, ялангуяа Англи, Умард Ирланд, Норвег, Камерун, Австрали, Хонгконг, Япон, Индонез, Филиппин, Сингапур, Вьетнам, Канад болон Америкийн Нэгдсэн Улсаас хүрэлцэн ирсэн эргэл мөргөлчид болон зочдод мэнд дэвшүүлье. Мөн Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн лйг тохиолдуулан эвлэрэл болон энх тайвныг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Найдварын дөл” эргэл мөргөлд оролцохоор хүрэлцэн ирсэн “HOPE80” олон улсын хөдөлгөөний төлөөлөгчидтэй тусгайлан мэндчилж байна.

Тэнгэрлэг хайрын гэрэл болон ахан дүүсийн барилдлага хүн төрөлхтөн хэмээх нэгэн гэр бүлийн эрэгтэй, эмэгтэй хүн нэг бүрийн зүрх сэтгэлд үргэлж орших болтугай.

Та бүхэнд болон та бүхний гэр бүлийнхэнд Эзэний мэргэн ухаан, хүч чадал, баяр хөөрийн билигт хишгийг урин дуудаж байна. Тэнгэрбурхан та бүхнийг адислах болтугай.

18 Зургаадугаар сар 2025, 22:00

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >