Пап Нийтийн бараалхал дээр: Цөхөрсөн үедээ ч найдвараа алдахгүй байх
Хайрт ахан дүүс ээ,
Энэ удаагийн шашны хичээлээр би та бүхний анхаарлыг Есүсийн амьдралын бас нэгэн чухал хэсэг болох түүний эдгээлmүүд рүү хандуулахыг хүслээ. Иймээс та бүхнийг гацсан, хаагдсан мэдрэмж төрүүлж буй өөрийн амьдралынхаа хамгийн зовуурьтай, эмзэг хэсгүүдийг Христийн Зүрхний өмнө авч ирэхийг урьж байна. Бидний хашхирааныг сонсож, биднийг эдгээхийг Эзэнээс итгэлтэйгээр гуйцгаая!
Өнөөдрийн эргэцүүлэл дээр ярих дүр бидэнд цөхөрсөн үедээ ч найдвараа алдахгүй байх ёстой гэдгийг ойлгоход туслах болно. Түүнийг Бартимай гэдэг бөгөөд Иерихо хотод Есүстэй уулзсан хараагүй, гуйлгачин хүн юм (харьц. Мк 10:46-52). Энэхүү газар маш чухал: Есүс Йерусалим руу явах гэж буй хэдий ч далайн түвшнээс доош орших Иерихогийн "там"-аас аяллаа эхлүүлдэг. Үнэндээ Есүс өөрийн үхлээр дамжуулан хүн төрөлхтнийг төлөөлж буй тамын ёроолд унасан Адамыг буцааж авахаар явсан билээ.
Бартимай гэдэг нь "Тимайн хүү" гэсэн утгатай бөгөөд үүгээр түүний садан төрлийн харилцааг тодруулжээ, гэвч хачирхалтай нь тэр орь ганцаараа байх аж. Энэ нэр нь мөн "алдар хүндтэй хүү", "гайхаж бишрэм" гэсэн утгуудыг илэрхийлж болно, харин түүний байгаа байдал нь үүнээс эсрэгээрээ байх ажээ. [1] Иудейчүүдийн соёлд нэр гэдэг маш чухал, харин Бартимайн хувьд өөрийн дуудах нэртэйгээ эн дүйцэхүйц амьдарч чадаагүй нэгэн байжээ.
Есүсийн араас даган явж буй олон хүмүүсээс ялгаатай нь Бартимай хөдөлгөөнгүй сууж байв. Сайн мэдээг тунхаглагч түүнийг замын хажууд сууж байсан гэж өгүүлсэн, энэ нь түүнийг хэн нэгэн босгож, хөл дээр нь зогсоогоод аян замаа үргэлжлүүлэхэд нь туслах хүн хэрэгтэй байсан гэсэн үг юм.
Гарах гарцгүй мэт мухардалд орсон нөхцөлд бид юу хийж чадах вэ? Бартимай бидэнд өөрт байгаа нөөцөө, биднийг бүрдүүлж буй биеийн хэсгүүдээ ашиглахыг зааж сургаж байна. Тэр бол гуйлгачин, тиймээс тэр хэрхэн гуйхыг мэднэ, үнэндээ тэр хашхирахыг ч чадна! Хэрэв та нар ямар нэгэн зүйлийг үнэхээр хүсвэл бусад хүмүүс та нарыг зэмлэж, доромжилж, зөнд нь орхи хэмээн хэлж байсан ч түүндээ хүрэхийн тулд бүх зүйлийг хийдэг шүү дээ. Хэрэв та нар үнэхээр л хүсэж байвал, үргэлжлүүлэн хашхирсаар бай!
Маркийн бичсэн Сайн мэдээний айлдал дахь "Давидын хүү Есүс ээ, намайг өршөөгөөч!" (Эшлэл 47) гэсэн Бартимайн хашхираан нь Дорнын чуулганы уламжлалд хамгийн алдартай, бид ч гэсэн ашиглаж болох "Тэнгэрбурханы Хүү, Эзэн Есүс Христ ээ, нүгэлт намайг өршөөгөөч!" гэсэн залбирал болсон юм.
Бартимай сохор атлаа гайхалтай нь тэр бусад хүмүүсээс илүү сайн хараатай байж, Есүсийг хэн болохыг таньсан билээ! Түүний хашхирааныг сонсоод Есүс зогсож, түүнийг дуудсан (харьц. 49), учир нь бид түүнийг дуудаж буй эсэхээ ч ухаараагүй үед хүртэл Тэнгэрбурханы сонсдоггүй хашхираан гэж үгүй (Гэт 2:23). Өмнө нь сохор хүн байгааг хараад Есүс өөдөөс нь шууд очоогүй нь хачирхалтай санагдаж магадгүй, гэхдээ бид үүнийг бодоод үзвэл энэ нь Бартимайн амьдралыг дахин сэргээх арга зам байв: Есүс түүнийг дахин босоход нь зоригжуулсан, Есүс түүнийг алхаж чадна гэдэгт итгэсэн. Тэр эр дахин хөл дээрээ босож чадна, тэр үхлийн зовуурь шаналлаас босож чадна. Гэвч үүнийг хийхийн тулд түүнд хийх ёстой маш чухал утга учир бүхий үйлдэл байсан нь нөмрөгөө хаях (Эшлэл 50) байсан юм.
Гуйлгачны хувьд нөмрөг бол бүх зүйл нь юм, энэ бол түүний аюулгүй байдал, түүний оромж, түүнийг хамгаалах хамгаалалт юм. Хуульд хүртэл гуйлгачны нөмрөгийг хамгаалж, хэрэв барьцаанд авсан бол орой нь буцааж өгөхийг үүрэг болгосон байв (харьц. Гэт 22:25). Гэсэн хэдий ч бидний босгосон илэрхий хамгаалалтууд нь дийлэнхдээ бидний замыг хааж байдаг, бидний өөрсдийгөө хамгаалахаар өмссөн зүйлс биднийг алхахад саад болдог. Есүс рүү очиж, өөрийгөө эдгээхийн тулд Бартимай Түүнд бүх эмзэг байдлаа харуулах ёстой. Энэ бол эдгэрэлтийн аливаа аян замын үндсэн алхам билээ.
Есүсийн түүнээс асуусан "Өөрийнхөө төлөө юу хийлгэхийг Надаас хүснэ вэ?" гэсэн асуулт хүртэл хачирхалтай санагдана. Гэхдээ бодит байдал дээр бид өвчнөөсөө илаарьшихыг хүсдэг эсэх нь тодорхойгүй, заримдаа бид хариуцлагаас зайлсхийхийн тулд хөдөлгөөнгүй байхыг илүүд үздэг. Бартимайн хариулт гүн гүнзгий байв: тэр хариулахдаа anablepein гэсэн үйл үгийг ашигласан, энэ нь "дахин хардаг болох" гэдгээс гадна "хараагаа өргөх" гэсэн утгаар мөн орчуулагдаж болно. Үнэхээр ч Бартимай зөвхөн хардаг болохыг хүсээд зогсохгүй нэр төрөө ч эргүүлэн авахыг хүсжээ! Хараагаа өргөхийн тулд толгойгоо ч өргөх хэрэгтэй болно. Амьдралд дорд үзэгдэж, гачигдах үедээ хүмүүс өөрсдийнхөө үнэ цэнийг л эргүүлэн олж авахыг хүсдэг билээ.
Бартимайг аврах, бас бидний хүн нэг бүрийг аврах зүйл бол итгэл бишрэл юм. Есүс биднийг эдгээдэг учраас бид чөлөөтэй болж чадна. Есүс Бартимайд хандаж Өөрийгөө дага гэж хэлээгүй, харин -Яв, итгэл чинь чамайг эдгээлээ (Эшлэл 52) гэж хэлсэн. Хэдий тийм боловч Марк энэхүү түүхийг Бартимай Есүсийг замд нь дагалаа хэмээн төгсгөжээ, тэр Түүнийг дагах сонголтоо өөрөө хийсэн, Тэр бол Зам билээ!
Хайрт ахан дүүс ээ, өөрсдийн болон хайртай дотнын хүмүүсийнхээ өвчин шаналлыг, цөхөрч, арга замгүй болсон нэгнийхээ өвдөлтийг ч Есүсийн өмнө итгэлтэйгээр авч ирцгээе. Тэдний төлөө ч бас хашхирч, Эзэн бидний сонсож, үүнийг зогсооно гэдэг итгэлтэй байцгаая.
__________________
[1] È l’interpretazione data anche da Agostino nel Il consenso degli evangelisti, 2, 65, 125: PL 34, 1138.
***
УРИАЛГА
Грац хотын дунд сургуульд болсон эмгэнэлт явдлын хохирогчдын төлөө залбирч буйгаа илэрхийлье. Би хохирогчдын гэр бүл, багш нар, сурагчдын уй гашууг хуваалцаж байна. Эзэн тэдгээр хүүхдүүдийг өөрийн амар амгалангийн дотор хүлээн авах болтугай.
Тусгай мэндчилгээ:
Би өнөөдрийн нийтийн бараалхалд хүрэлцэн ирсэн англи хэлээр ярьдаг орнуудын эргэл мөргөлчид болон зочдод, ялангуяа Англи, Шотланд, Бельги, Камерун, Зимбабве, Хятад, Индонез, Филиппин, Сингапур, Канад болон Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн хүмүүст халуун дотно мэндчилгээ дэвшүүлье. Туйлын Ариун Нандин Гурвал их баярыг энэ ням гарагт ёслон тэмдэглэхээр бэлтгэж буй энэхүү цаг мөчид Эцэг, Хүү, Ариун Сүнсийг өөрсдийн зүрх сэтгэлдээ угтан авахыг та бүхэнд уриалж байна. Тэнгэрбурхан та бүхнийг адислах болтугай!
Гэгээн Эцгийн үгсийн хураангуй:
Хайрт ахан дүүс ээ, "Есүс Христ бидний Найдвар" сэдэвт Жүбили жилд зориулсан шашны цуврал хичээлээр бид өнөөдөр Есүсийн амьдрал болон үйлчлэлийн бас нэгэн хэсэг буюу эдгээлтийн гайхамшгуудын талаар авч үзлээ. Бидний уншлага дээрээс сонссончлон, сохор Бартимай Есүст хандан "Есүс ээ, намайг өршөөгөөч!" хашхиран гуйж байсан нь итгэл бишрэлийн үйлдэл юм. Есүс Бартимайг Өөртөө дуудах үед хараагүй гуйлгачин тэр даруй босож, өөрийн аюулгүй байдлыг хангагч цор ганц эд зүйлс болох нөмрөгөө хаясан нь чухал утга учиртай. Ингэснээр тэр өөрийн бүх сул дорой байдлаа харуулан Есүсийн өмнө зогсож, түүний харааг сэргээх Эзэний хүч чадалд итгэжээ. Бид ч гэсэн өөрсдийн эдгэх хэрэгцээгээ ухамсарлаж, Түүний эдгээх хүчийг мэдрэхийн тулд өөрсдийн "нөмрөг" буюу хамгаалалт, тухтай бүсээ орхиж, Эзэний өмнө бүхий л сул дорой байдлаараа Түүн рүү очихоор дуудагдсан билээ. Найдварын Жүбили жилд бид ч гэсэн итгэлийн гэрлээр бүх зүйлийг ахин шинээр харж, Эзэнийг эрх чөлөөтэйгөөр, шинэлэг байдлаар дагах хишиг ивээлийг хүртэх болтугай.
