Пап Нийтийн бараалхал дээр: Найдвар хэзээ ч гонсойлгон үлдээхгүй.
Эрхэм ахан дүүс нар аа, өглөөний мэнд, та бүхэн минь тавтай морилно уу!
Есүсийн Пасх (амссан зовлон, үхэл, амилалт) нь өнгөрсөн цагт л хамаатай бус харин хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон бусад олон үйл явдлын адилаар уламжлалд хэдийнээ тогтжээ. Католик сүм хийд жил бүр Дээгүүр өнгөрөхийн баярын ням гарагт, өдөр бүр Эвхаристын ёслон тэмдэглэлтээр дамжуулан Амилалтын үйл явдлын өдгөө ч амьдралд үр нөлөөтэй байдлыг дурсан тэмдэглэхийг заан сургадаг. Эвхаристийн үед “Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно” (Мт 28:20) гэж хэлсэн Эзэний амлалт бүрэн төгөлдөр биелдэг.
Ийм учраас Пасхалын нууц нь (Христийн зовлон, үхэл, амилалтыг хамарсан) Христэд итгэсэн амьдралын булангийн тулгуур чулуу бөгөөд бусад бүх үйл явдлын төв байдаг. Бид бүхэн эвийг сахьсан хэт хийсвэр теологи эсвэл хэт сэтгэл хөдлөлгүйгээр өдөр бүр Дээгүүр өнгөрөх баяр байдаг аа гэж хэлж болно. Ямар утгаар ийнхүү хэлэх вэ?
Цаг болгонд бид олон янзын туршлага туулан мэдэрдэг: өвдөлт, зовлон, гунигтай сүлэлдэн орших баяр баясал, гайхал бахдал, амар амгалан гэх зэрэг. Гэвч ямар ч нөхцөл байдлаар дамжуулан зүрх сэтгэл гэгч зүйл нь дүүрэн байдалд, гүн гүнзгий аз жаргалд тэмүүлдэг. Энэ хүсэл зорилгодоо хүрэх гэсэн байнгын эрэл хайгуулыг бидэнд сануулдаг нь XX зууны агуу философич, хүн төрөлхтний нууцыг гүн судалсан Эдит Штайн, Загалмайн Тереза Бенедикта гэгээнтэн юм. Тэрээр «Хүн төрөлхтөн бол хором бүрийн өгч бас авч байдаг тэр зүйлийг өөрт байлгахын тулд амьдрал хэмээх бэлгийг ахин дахин авахыг үргэлж хүсч мөрөөсдөг» (Finite and Eternal Being: An Attempt to Ascend to the Meaning of Being, Ром 1998, х.387). гэж бичжээ. Бид хязгаар дотор умбасан гэвч бас үүнээсээ халин гарахыг хичээдэг.
Пасхалын тунхаглал бол түүхийн туршид сонсогдсон хамгийн сайхан, баяр баясгалантай, сэтгэл хөдлөм мэдээ юм. Энэ бол хайр нь нүглийг, амьдрал нь үхлийг ялсан гэдгийг гэрчилдэг илүү бодит “Сайн мэдээ”. Тиймээс л энэ нь бидний оюун ухаан, зүрх сэтгэлийг түгшээдэг утга учрын эрэл хайгуулыг хангаж чадах цорын ганц зүйл юм. Хүн төрөлхтөн ямагт өөрсдийг нь татдаг чанадын зүйл рүү тэмүүлдэг дотоод хөдөлгөөнөөр сэдэлждэг. Түр зуурын бодит байдал биднийг хангадаггүй. Бид хязгааргүй, мөнхийн зүг тэмүүлдэг. Энэ нь зовлон, алдагдал, бүтэлгүйтлээр дамжин урьдаас мэдрэгддэг үхэлтэй харшилддаг. Францис гэгээнтний дуулснаар: “nullu homo vivente po skampare” — “амьд хүн бүр үхлээс зайлж чадахгүй” (Нарны магтаал).
Бүх зүйл өөрчлөгдсөн нь тэр өглөө юм. Эзэний биеийг тослохоор эмэгтэйчүүд булш руу очиход, түүнийг хоосон байгааг олсон. Зүүнээс Иерусалимд ирсэн мэргэдийн тавьсан «саяхан мэндэлсэн иудейчүүдийн хаан хаана байна вэ?» (Мт 2:1-2) гэсэн асуулт, Дээгүүр өнгөрөх баярын өглөө эмэгтэйчүүдтэй ярьсан цагаан өмсгөлтэй нууцлаг залуугийн үгсээр эцсийн хариултаа олдог. Тэрээр хэлэхдээ: «Та нар цовдлогдсон Назаарын Есүсийг эрж байгаа биз дээ. Есүс амилсан, энд байхгүй» (Мк 16:6).
Тэр өглөөнөөс өнөөдрийг хүртэл, өдөр бүр, Есүс мөн Амьд Нэгэн нэгэн хэмээх цолтой болсон. Тэрээр Илчлэлт номонд өөрийгөө танилцуулахдаа: «Би бол эхэн ба эцэс бөгөөд амьд оршигч. Би үхсэн байсан, харин одоо харагтун, Би мөнхийн мөнхөд амьд» (Илч 1:17-18) гэжээ. Амьдралд зовлон, үхэл, хүн бүрт нөлөөлдөг олон хэлбэрийн муу зүйлс буюу адармаатай, хүлээн зөвшөөрөхөд хэцүү, ойлгомжгүй үйл явдлууд тохиолддог. Бид эмх замбараагүй мэт санагдах амьдралаа чиглүүлж чадах алтан гадас одыг үргэлж олж чадна гэсэн баталгаа маань Есүст бий. Амилалтын үйл явдлын нууцыг бясалгаснаар бид утга учраарх цангаандаа хариулт олдог.
Пасхалын тунхаглал нь хүний сул дорой мөн чанар илэрхийн цагт халамж, эдгээлт болдог. Хөрст дэлхий хийгээд хүмүүний амьдралд өдөр бүр учрах аймшигт сорилтуудын өмнө найдвараар тэтгэдэг. Дээгүүр өнгөрөхийн буюу Амилалтын үйл явдлын өнцгөөс харвал Загалмайн зам (Via Crucis) нь Гэрлийн зам (Via Lucis) болон хувирдаг. Бид зовлонгийн дараах баярыг амталж, тунгаан бодож Амилалт хүртэлх туулсан бүх үе шатыг шинэ гэрэлд дахин эргэн харах хэрэгтэй юм.
Пасха нь загалмайг арилгадаггүй, харин ялдаг. Энэ ялалт нь хүний түүхийг өөрчилсөн гайхамшиг юм. Өнөөдөр ч бид олон зовлон, “загалмай”-тай тулгардаг бөгөөд Пасхалаас авах найдварын гэрлийг хүсэж байна. Христийн Амилалт бол ердөө нэг санаа эсвэл онол биш, харин итгэлийн үндэс болсон бодит үйл явдал. Амилсан Христ Ариун Сүнсээр дамжуулан бидэнд байнга сануулж, гэрэлгүй мэт харагдах газарт ч бид Түүний гэрч байхыг уриалдаг. Пасхалын найдвар хэзээ ч гонсойлгон үлдээхгүй. Өдөр тутмын амьдралдаа Пасхад үнэхээр итгэнэ гэдэг нь амьдралаа өөрчлөх, өөрчлөгдсөнөөрөө дэлхийг Христийн найдвараас ирэх аядуу зөөлөн боловч зоригт хүчээр өөрчлөх гэсэн үг юм.
