Пап Нийтийн бараалхал дээр: Харах өнцгөө өөрчлөх шаардлагатай болсон нэгэн хүний тухай
Хайрт ахан дүүс ээ,
Бидний харах өнцгийг өөрчилж, өөрсдийгөө найдвар өөд нээх боломжийг олгодог Сайн мэдээний сургаалт зүйрлэлүүдээс үргэлжлүүлэн эргэцүүлцгээе. Найдвараар дутмаг байдал нь бид аливааг ягшмал, хаалттай сэтгэлгээгээр хардагтай ихэвчлэн холбоотой байдаг, харин Сайн мэдээний сургаалт зүйрлэлүүд бидэнд аливаа зүйлийг өөр өнцгөөс харахад тусалдаг билээ.
Өнөөдөр мэдлэг, мэргэжилтэй, хуулийн эрдэмтэн хэдий ч зөвхөн өөртөө анхаарал хандуулж, бусдыг үл хайхардаг, харах өнцгөө өөрчлөх шаардлагатай болсон нэгэн хүний тухай та бүхэнд өгүүлэхийг хүсэж байна (Лк 10:25-37). Үнэндээ, энэ хүн өөрийн зөв гэдгийг батлахын тулд Есүсээс мөнх амийг хэрхэн "өвлөн авах" талаар асуудаг. Гэхдээ энэ асуултын цаана анхаарах ёстой дараах зүйл далдлагдсан байна: Түүний Есүсээр тайлбарлуулахыг хүссэн цорын ганц үг бол "хөрш" бөгөөд энэ нь шууд утгаараа бол "ойр байгаа хүн" л гэсэн утгатай билээ.
Тиймээс Есүс "Хэн надад хайртай вэ?" гэсэн асуултыг "Хэн хайрлагдсан бэ" гэж болгон өөрчлөх нэгэн сургаалт зүйрлэлийг айлдсан. Эхнийх нь төлөвшөөгүй нэгний асуулт, харин хоёр дахь асуулт нь амьдралын утга учрыг ойлгосон хүний асуудаг асуулт юм. Эхний асуулт биднийг хүлээн зогсоход хүргэдэг бол хоёр дахь нь биднийг аян зам руу хөтлөх асуулт юм.
Есүсийн айлдсан сургаалт зүйрлэл амьдрал шиг хэцүү, бартаатай зам дээр өрнөнө. Энэ бол толгод дээрх Йерусалим хотоос далайн түвшнээс доош орших Иерихо хот руу уруудаж буй зам юм. Замын тухай энэхүү дүрслэл нь тэнд юу тохиолдож болохыг аль хэдийн урьдчилан зөгнөжээ. Түүн рүү дээрэмчид дайрч, зодож, дээрэмдээд зам дээр амьтай төдий үлдээгээд явна. Энэ бол заримдаа таны итгэж найдаж байсан хүмүүс өөрийн гэсэн бүхнийг чинь булааж, замын дунд орхиод явах үед бидний мэдэрдэг мэдрэмж билээ.
Гэхдээ амьдрал уулзалтуудаас бүрдэж, эдгээр уулзалтуудаар бидний жинхэнэ мөн чанар гарч ирдэг. Бид бусад хүмүүсийн дорой байдал, сул талыг хараад түүнд санаа тавих уу эсвэл юу ч болоогүй юм шиг үл тоомсорлох уу гэдгээ өөрсдийнхөөрөө шийддэг.
Тахилч болон леви хүн яг тэр замаар явж өнгөрсөн. Тэд Йерусалимын ариун сүмд үйлчилдэг бөгөөд ариун газарт амьдардаг байв. Гэхдээ мөргөл шүтлэг нь энэрэн нигүүлсэх сэтгэлийг аяндаа төрүүлдэг гэсэн үг биш. Үнэн хэрэгтээ, энэрэн нигүүлсэхүй нь шашны асуудал гэхээсээ илүүтэйгээр хүнлэг байдлын асуудал юм. Бид итгэгчид гэгдэхийн өмнө юун түрүүнд хүн байхаар дуудагдсан билээ.
Тахилч болон леви хүн Йерусалимд удтал байсны эцэст гэртээ харихаар маш яарч байсан хэмээн төсөөлье. Бидний амьдралд ч тохиолддог яг ийм яаруу байдал нь биднийг энэрэл нигүүлслийг мэдрэхэд саад болдог. Өөрийнхөө аян замыг нэн тэргүүнд тавьдаг хүмүүс бусдын төлөө зогсохыг хүсэхгүй.
Гэхдээ дараа нь түүний төлөө түр зогсож чадах нэгэн самари хүн гарч ирэв. Иудейчүүд самари хүмүүсийг дорд үздэг байсан (харьц. Хаадын дэд 17). Самари хүн аль зүг рүү явж байсан нь тодорхойгүй, зүгээр л "аялж байсан" гэж бичигдсэн байдаг. Шашны итгэл үнэмшил нь энд чухал байсангүй. Самари хүн зүгээр л тусламж хэрэгтэй хүн байгааг харсан учраас зогссон.
Энэрэл нигүүлсэл үйлдлээр илэрдэг. Сайн мэдээг тунхаглагч Лук бидний "сайн" гэж тодотгодог самари хүний үйлдлийг тодотгон бичсэн боловч түүнийг зүгээр л хүн гэж бичжээ. Самари хүн түүнд ойртон очсон, хэн нэгэнд туслахыг хүсвэл мэдээж зайгаа барих боломжгүй, та хутгалдаж, бохирдож, магадгүй халдвар ч авахыг үгүйсгэхгүй, самари хүн унасан хүний шарх дээр тос, дарс асган цэвэрлэж, боогоод морин дээрээ тэгнэн, түүний зовлонг үүрэлцсэн. Хэрэв та хэн нэгэнд үнэхээр туслахыг хүсэж байгаа бол бусдын зовлонгийн хүндийг мэдрэхэд бэлэн байх хэрэгтэй. Самари хүн түүнийг дэн буудалд аваачиж, өөрийн хоёр өдрийн ажлын хөлстэй тэнцэхүйц "хоёр денар"-ыг түүний төлөө төлсөн. Самари хүн буцаж ирэх замдаа илүү зардлыг ч төлөхийг зөвшөөрсөн билээ, учир нь тэр түүний хувьд хүргэж өгөх ачаа бус, харин халамжлах хэрэгтэй хүн байсан юм.
Хайрт ахан дүүс ээ, бид хэзээ өөрсдийн аян замын дунд зогсоод энэрэн нигүүлсэх чадвартай болох вэ? Замын хажууд хэвтэж байгаа шархадсан хүн бидний нэг бүрийг илэрхийлж буй гэдгийг хэзээ ойлгох вэ? Хэрэв бид Есүсийн бидэнд санаа тавихаар үргэлж ийнхүү зогсож байдаг мөчүүдийг эргэн санавал илүү энэрэнгүй сэтгэлтэй болж чадна. Хүнлэг чанараараа өсөж, бие биетэйгээ харилцах харилцаа маань илүү жинхэнэ, энэрэл нигүүлслээр дүүрэн болоосой хэмээн залбирцгаая.
Биднийг Христтэй илүү адил мэдрэмжтэй болоход туслах хишиг ивээлийг Христийн Зүрхнээс гуйцгаая.
УРИАЛГА
Энэ өдрүүдэд би энгийн номхон иргэд болон дэд бүтэц рүү нь чиглэсэн шинэ ноцтой халдлагад өртсөн Украины ард түмний төлөө санаа чилээж байна. Бүх хохирогчдод, тэр дундаа хүүхдүүд, тэдний гэр бүлийнхэнтэй ойр дотно байж, тэдний төлөө залбирч байгаагаа илэрхийлье.
Дайныг зогсоох, яриа хэлэлцээ, энх тайвны төлөөх санаачилга бүрийг дэмжих уриалгаа энд бататган, дахин илэрхийлж байна. Би хүн бүрийг Украины энх тайвны төлөө, дайнаас болж зовж шаналж буй газар орон бүрийн төлөөх залбиралд нэгдэхийг уриалж байна.
Газын зурваст амьгүй болсон хүүхдүүдийнхээ цогцсыг тэвэрч, багахан хоол хүнс, бөмбөгдөлтөөс хамгаалах хоргодох байр хайж цаг үргэлж нүүж явахаас аргагүйд хүрсэн эцэг, эхчүүдийн хашхираан улам бүр нэмэгдсээр тэнгэрт тулж байна.
Удирдагчдад хандан гал зогсоож, бүх барьцааны хүмүүсийг суллан, хүмүүнлэгийн эрх зүйн зарчмуудыг бүрэн хүндэтгэхийг дахин уриалж байна. Амар тайвны Хатан Мариа, бидний төлөө залбирна уу.
Тусгай мэндчилгээ:
Өнөөдрийн нийтийн бараалхалд хүрэлцэн ирсэн англи хэлээр яригч орнуудын эргэл мөргөлчид, зочид, ялангуяа Англи, Шотланд, Норвег, Гана, Кени, Австрали, Хятад, Хонконг, Энэтхэг, Индонез, Мьянмар, Филиппин, Өмнөд Солонгос, Тайвань, Вьетнам, Канад болон Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн хүмүүсийг угтан авч байгаадаа баяртай байна. Эзэний Тэнгэрт заларсан их баярыг ёслон тэмдэглэхээр бэлтгэж буй энэхүү цаг мөчид, би та бүхнийг болон та бүхний гэр бүл найдвар ба баяр хөөрийг дахин мэдрэх болтугай хэмээн залбирч байна.
Гэгээн Эцгийн үгсийн хураангуй:
Хайрт ахан дүүс ээ, "Христ бидний Найдвар" сэдэвт Жүбили жилийн шашны хичээл "Сайн самари хүн" хэмээх нэгэн сургаалт зүйрлэлээр үргэлжилж байна. Энэ түүхээр дамжуулан Есүс бидэнд мөнх амийг нигүүлслээр дамжуулан олно хэмээн сургажээ. Замын нөгөө талаар явж өнгөрсөн тахилч болон леви хүний адилаар бид амин хувийн сонирхол, амьдралын зав чөлөөгүй байдлаас болж жинхэнэ хөрш байж чадахгүй байна. Сайн самари хүн биднийг өөрийн энэрэнгүй сэтгэлээр гайхшируулж, өгөөмөр байдлаараа үлгэрлэн биднийг хувиа хичээсэн зан чанараа эргэн харахад хүргэлээ. Амьдралын хүнд хэцүүг туулж, гэм нүглээс болж өвдөлтийг мэдрэхдээ бид дээрэмчдийн гарт өртсөн энэхүү хүнээс өөрсдийгөө олж харах болно. Биднийг дорой байхад бидний шархыг эдгээж, найдварыг сэргээдэг Сайн самари хүн бол Христ Өөрөө гэдгийг бид олж мэдсэн билээ. Тиймээс хүн төрөлхтний жинхэнэ үлгэр жишээ болсон Түүний Ариун Зүрхэнд хандаж, бидний зүрх сэтгэлийг түүнтэй илүү адилхан болгож өгөхийг Түүнээс гуйцгаая.
