Анжелус: ДЭЛХИЙН ЭНХ ТАЙВНЫ ӨДӨР
ПАП XIV ЛЕО
АНЖЕЛУС
Гэгээн Петрийн талбай
2026 оны 1-р сарын 1, Пүрэв гараг
Эрхэм ахан дүүс ээ, Шинэ оны мэнд дэвшүүлье!
Өнгөрөх саруудын хэмнэл дахин давтагдсаар байдаг боловч Эзэн биднийг цаг үеэ шинэчилж, бүх ард түмний дунд эцэст нь энх тайван, ахан дүүсийн нөхөрлөлийн эрин үеийг эхлүүлэхийг уриалж байна. Сайн сайхныг хүсэх үл аваас хуанлийн хуудсыг эргүүлж, өдрийн тэмдэглэлээ дүүргэх нь утга учиргүй юм.
Тун удахгүй өндөрлөх гэж буй Жүбили (Тэгш ой) бидэнд шинэ ертөнцийн төлөөх итгэл найдварын үрийг хэрхэн арчилж, тэтгэн сайжруулахыг заан сургалаа. Бид үүнийг зүрх сэтгэлээ Тэнгэрбурханд хандуулан өөрчилснөөр бүрэн гүйцэлдүүлэх юм. Ингэснээр бурууг уучлал болгон хувиргаж, өвчин шаналлыг тайтгарал болгон өөрчилж, ариун амьдралын шийдвэрүүдийг сайн үйлс болгон хэрэгжүүлэх боломжтой юм. Ийнхүү Тэнгэрбурхан Өөрөө түүхийн дунд оршин сууж, түүнийг мартагдлаас аварч, дэлхий ертөнцөд бидний Аврагч Есүс Христийг илгээсэн билээ.“Тэр бол бидний ах дүү болсон Цорын ганц Тэнгэрбурханы төрсөн Хүү бөгөөд сайн санаат хүмүүсийн дотоод сэтгэлийг гэрэлтүүлэн, энэ ертөнцөд мэндлэн ирэх хүн бүрт нээлттэй, халуун дулаан гэр орон мэт ирээдүйг хамтдаа бүтээж чадах болно.
Энэ утгаар нь авч үзвэл өнөөдрийн Христ мэндэлсний баяр бидний харцыг Христийн цохилох зүрхийг хамгийн анх мэдэрсэн Мариа руу чиглүүлж байна. Түүний ариухан хэвлийн анир чимээгүйн дунд Амийн Үг өршөөл нигүүлслийн зүрхний цохилт болон Өөрийгөө илчилсэн юм. Бүтээгч Тэнгэрбурхан бол Мариа ба бидний зүрх сэтгэлийн угт юу байгааг үргэлж төгс мэддэг нэгэн билээ. Хүн болж мэндэлснээрээ Тэр Өөрийн ариун зүрх сэтгэлийг бидэнд илчилсэн. Иймээс Есүсийн ариун зүрх хүн бүрийн төлөө цохилдог. Түүнийг хүлээн авахад бэлэн байсан хоньчдын адил хүмүүсийн төлөө, Түүнийг үл хүссэн Херодын адил хүмүүсийн төлөө ч цохилдог юм. Түүний ариун зүрх сэтгэл хөршийнхөө төлөө сэтгэлээ зориулдаггүй нэгнийгч үл хайхран өнгөрөөдөггүй. Түүний зүрх сэтгэл хүсэл эрмэлзлийг нь улам бэхжүүлэхийн тулд зөв шударга нэгний төлөө, мөн амьдралаа өөрчилж, амар тайвныг олох болтугай хэмээн шударга бус нэгний төлөө ч мөн цохилдог юм.
Аврагч эмэгтэй хүний ариун хэвлийд бүрэлдэн энэ ертөнцөд мэндэлсэн билээ. Энэхүү үйл явдлыг бишрэн түр азнацгаая. Энэ нь хамгийн ариун Мариагийн гэрэлд гийн тодорч, төрж амжаагүй үр бүрт тусгал болон гийж, хүн төрөлхтөнд шингэсэн Тэнгэрбурханы дүрийг илчилж байна.
Өнөөдөр бүгдээрээ нэгэн сэтгэлээр энх тайвны төлөө залбиръя: нэн түрүүнд дайн мөргөлдөөний улмаас зовж шаналан цусанд будагдсан улс орнуудын төлөө, мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртөн шархалсан хүмүүсийн залбирцгаая.Итгэл найдварын маань эх булаг Христ бол хэзээ ч жаргадаггүй шударга ёсны нар гэдэгт итгэж найдан, бүгдээрээ итгэл дүүрэн Тэнгэрбурханы Эх, Шашны Эх Мариагийн зуучлан залбирлыг гуйцгаая.
_________________
Анжелусын дараа
Эрхэм хүндэт ахан дүүс ээ,
Шинэ оны эхний өдөр Петр Гэгээнтний талбайд хуран цугласан та бүхэнд халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, амар амгалангийн ерөөлийг өргөн дэвшүүлье. Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Серджо Маттареллагийн мэндчилгээг гүн талархалтайгаар хүлээн авч хариу илгээж буйг минь хүлээн авна уу.
1968 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн, VI Паул Гэгээнтэн Папын хүсэлтээр өнөөдрийг Дэлхийн Энх тайвны Өдөр хэмээн тэмдэглэсээр ирсэн билээ. Намайг энэхүү үйлчлэлд дуудах үед Эзэн надад шивнэсэн үгийг би өнөөдрийн мэндчилгээндээ дахин давтан хэлэхийг хүсэж байна: ‘Амар амгалан та бүхэнтэй байх болтугай!’ Энэ амар амгалан бол зэвсэггүй, зэвсгийг номхруулдаг ба ямар ч нөхцөлгүй, хязгааргүй хайраас урган гарч бидэнд өгөгдсөн бэлэг бөгөөд бидний хариуцлагад даатгагдсан, зөвхөн Тэнгэрбурханаас ирдэг цэвэр ариухан амар тайван юм.
Эрхэм анд нөхөд өө, Христийн нигүүлсэлд түшиглэн өнөөдрөөс эхлэн зүрх сэтгэлээ даруу болгож, бүх төрлийн хүчирхийллээс татгалзан, амар тайвныг бүтээх жилийг эхэлцгээе.
Энэ үйл явдлын хүрээнд дэлхий даяар өрнөсөн тоо томшгүй санаачлагуудад талархал илэрхийлье. Онцгойлон өчигдөр орой Катаниад болсон үндэсний Маршийг /жагсаал/ дурсан санаж, өнөөдөр Сан’Эжидио хамт олны зохион байгуулсан маршид /жагсаалд/ оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж байна.
Мөн Нью Жерсигийн Ричланд хотоос ирсэн оюутан, багш нарын бүлэг, түүнчлэн энд хүрэлцэн ирсэн бүх Ромын ард иргэд болон эргэл мөргөлчдөд халуун дотноор мэндчилж байна.
Энэ оны эхэнд, Францис Гэгээнтний таалал төгссөний найман зууны ой тохиож буй энэ цаг мөчид, би хүн бүрт Ариун Бичээсээс иш татсан түүний ерөөлийг өргөн барихыг хүсэж байна.
“Чамайг ЭЗЭН ерөөж, сахин хамгаалах болтугай.
Чиний дээр ЭЗЭН царайгаа гэрэлтүүлж,
Чамайг өршөөх болтугай.
Чам руу ЭЗЭН нүүрээ харуулж,
Чамд амар тайвныг өгөх болтугай”
Тэнгэрбурханы Гэгээн Эх шинэ он дахь аялалд маань бид бүхнийг чиглүүлэх болтугай. Та бүхэнд сайн сайхны ерөөлийг өргөн дэвшүүлье!
