Анжелус: Агуу эрдэнэсийг ялган таних хишиг ивээл
ПАП XIV ЛЕО
АНЖЕЛУС
Эрх чөлөөний талбай - Пьяцца делла Либерта (Кастель Гандольфо)
2026 Долдугаар сарын 26
___________________________________
Хайрт ахан дүүс нараа, та бүхэнд Ням гарагийн мэнд хүргэе!
Есүсийн сургаалын хамгийн гол цөм нь Тэнгэрбурханы Хаанчлалын нууц бөгөөд өнөөдрийн Айлдалд үүнийг нуугдмал эрдэнэ болон үнэт сувдтай зүйрлэн өгүүлжээ (Мт 13:44–52-ыг үзнэ үү). Энэхүү сургаалт зүйрлэлүүд нь төсөөлж байснаасаа хавьгүй илүү агуу зүйлийг олж харсан хүмүүсийн гайхан бишрэх сэтгэлийг харуулдаг. Тиймдээ ч тэдний хувьд өөрт байгаа бүхнээ зарах эсвэл орхин одох нь золиос биш, харин ч ололт амжилт мэт санагддаг. Үнэхээр ч Сайн мэдээг тунхаглагчид анхнаасаа л Есүсийн «Намайг дага» хэмээх дуудлагыг эсэргүүцэхийн аргагүй, сэтгэл татам байдлаар дүрслэн харуулдаг. Хэдийгээр энэ нь тэдний өөрсдийнх нь чөлөөт сонголт боловч, нөгөө талаар маш хурдан бөгөөд дуртайяа, чин сэтгэлээсээ хариу үйлдэл үзүүлэхэд хүргэдэг. Энэ бол Тэнгэрбурхан бидэнд ойр байж, өөрийгөө мэдүүлдэг хэлбэрийн эхний чухал тал юм: Түүний Хаанчлалтай учирна гэдэг нь амьдралыг хязгаарлах бус, харин ч илүү өргөн дэлгэр, агуу болгодог эргэлтийн цэг болдог. Хэрэв бидний зүгээс ямар нэгэн зүйл өөрчлөгдөх шаардлагатай бол тэр нь бидний амьдралыг хязгаарлахын тулд бус, харин илүү өргөн боломжуудын төлөө нээж өгөхийн тулд л байх учиртай юм.
Есүсийн асар их ач холбогдол өгч байгаа мэт харагддаг хоёр дахь хэсэг нь: талбайд нуусан эрдэнэсийг олсон хүн нь тариачин байх магадлалтай бол сувдыг үнэ цэнтэйг нь таньж мэдсэн хүн нь худалдаачин, эсвэл аялагч байх магадлалтай. Дараа нь дахин хоёр сургаалт зүйрлэл үргэлжлэх бөгөөд тэдгээрийн гол дүрүүд нь загасчид болон хуучин ба шинэ зүйлийг сайн судалж мэдсэн хуулийн багш нар юм. Бусад сургаалт зүйрлэлд Бурханы хаанчлалыг гурил зууран нухаж буй эсвэл гэр орноо цэгцэлж буй эмэгтэй, дайнд бэлтгэж буй хаан, цамхаг барихаар төлөвлөж буй хүн, төлбөр тооцоо болон хөрөнгө оруулалт зохицуулж буй няравууд, мөн хоньчид болон тариачидтай зүйрлэн дүрсэлдэг. Товчхондоо, Тэнгэрбурханы Хаанчлал нь хэмжээлшгүй үнэ цэнтэй гоо үзэсгэлэнгээ олон янзаар илчилдэг бөгөөд хүн бүрийг — эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу, баян, ядуу гэлтгүй — гүн гүнзгий утга учиртай шинэчлэлд урин дууддаг. Үүнийг хүн бүр зүрх сэтгэлийнхээ гүнд ойлгох чадвартай бөгөөд түүн рүү тэмүүлэн татагдсаар байдаг билээ.
Өнөөдөр ч мөн адил, Сүм бол гарал үүсэл, соёл ёс заншил, авьяас чадвар, хүлээсэн үүрэг хариуцлагаараа ялгаатай хүмүүсийн нэгдэл байсаар л байна. Гэсэн хэдий ч бүгд Есүс Христ дотор "нэгэн бие" гэдгээ ухамсарлахад дуудагдсан билээ. Учир нь Тэр бол нуугдмал эрдэнэс, асар их үнэ цэнтэй сувд бөгөөд сарниж бутарсанг цуглуулах тор мөн. Анхнаасаа Есүс өөр хоорондоо хэзээ ч танилцаж, учрахгүй байсан хүмүүсийг дуудаж, Өөрийнхөө эргэн тойронд цуглуулсан. Ийнхүү Тэнгэрбурхан хэнийг ч ялгаварлан үздэггүй, харин Өөрийн хайрыг хэн бүхэнд, ялангуяа өчүүхэн дорд үзэгддэг болон нийгмээс гадуурхагдсан хүмүүст харамгүй соёрхдог гэдгийг Тэрээр харуулсан юм.
Ахан дүүс ээ, бидний хийх ёстой зүйл бол залуу хаан Соломоны гуйн хүссэн яг тэрхүү хишиг ивээлийг гуйх явдал юм (1 Хаад 3:5, 7–12-ыг харна уу). Энэ бол асар их үнэ цэнтэй сувдыг таньж, хамаг бүхнээ зориулахад ч багадам тэрхүү агуу эрдэнэсийг ялган таних хишиг ивээл билээ. Хэрэглээний соёл бидний хүсэл сонирхолд нөлөөлж, хэзээ ч сэтгэл хангалуун байлгаж чаддаггүй, заримдаа бүр зүрх сэтгэлийг маань хордуулдаг шийдлүүдийг бидэнд зарахын тулд шинэ хэрэгцээг тасралтгүй бий болгож буй энэ үед бид юу үнэхээр чухал болохыг таньж мэдэхэд суралцах ёстой. Энэ бол бидэнд баяр баясгалангийн үүд хаалгыг нээж, бусадтай тогтоох харилцаагаа илүү бүтэн, утга учиртай амьдрахад тусалдаг Тэнгэрбурхантай тогтоох харилцааны үнэт эрдэнэс юм.
Мэргэн Ухааны Сэнтий болсон Мариагийн зуучлалаар бидний амьдрах хүсэл тэмүүлэл Есүс рүү чиглэж, Түүн дотор энэхүү хүсэл минв бүрэн дүүрнээр биеллээ олох болтугай.
_____________________
Анжелус залирлын дараа
Эрхэм хүндэт ах дүү нар аа,
Өчигдөр Ливан улсад 1899 оноос 1931 оны хооронд Антиохын Маронит патриархаар ажиллаж байсан бөгөөд Ариун гэр бүлийн Маронит эгч дүүсийн бүлгэмийг үүсгэн байгуулагч Элиас Хоайек (Elias Hoayek) хутагтын зэрэгт өргөмжлөгдлөө. Тэрээр гуч гаруй жилийн турш Маронит сүмийг үнэхээрийн сайн хоньчны сэтгэлээр тэргүүлэн удирдсан билээ. Тэрээр харилцан яриа, итгэл найдвараар дүүрэн хүн байсан бөгөөд сүм хийд, нийгэм, улс төрийн салбарт гарамгай манлайлагч байж, “Их Ливаны эцэг” хэмээн алдаршсан юм. Шинэхэн хутагтын зуучлан залбирал нь дэлхий даяар тархан суурьшсан Маронитын сүсэгтнүүдийг үргэлж дагалдаж, миний зүрх сэтгэлд ямагт ойр байдаг Ливаны нийт ард түмэнд энх тайвны бэлгийг хүртээх болтугай.
Би Баруун Эрэг болон Газад сүүлийн өдрүүдэд дахин олон энгийн иргэд хохирогч болоод буй Ариун Газарт өрнөж буй мөргөлдөөн улам даамжирч байгааг гүнээ сэтгэл зовнин дагаж байна. Би хүн бүрийн ижил тэгш эрхэм чанар, тэгш эрхэд суурилсан, шударга улс төрийн шийдэлд хүрэхийн тулд хэлэлцээний ширээнд эргэн суухыг чин зүрхнээсээ уриалж байна. Үүний зэрэгцээ цаашид явуулах цэргийн ажиллагаа болон нэг талыг барьсан шийдвэрүүдээс, ялангуяа шашин бүрийн ариун дагшин газруудад үзүүлэх хүндэтгэл болон одоогийн статусыг зөрчсөн аливаа алхмаас татгалзахыг хичээнгүйлэн шаардаж байна.
Би мөн цэргийн ажиллагаа эрчимжиж хүчирхийлэл, сүйрлийг дахин дагуулж, тоолж баршгүй олон энгийн иргэдийн амь насанд аюул заналхийлэн, ундны ус болон цахилгааны дутагдлыг улам бүр хүндрүүлж байгаа Ойрхи Дорнод даяар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан уриалгаа дахин дэвшүүлж байна. Би чин зүрхнээсээ энэхүү үймээн самуунд холбогдож буй бүх талуудад халдаж довтлохоо зогсоож, яриа хэлэлцээ болон дипломат харилцааны замыг нэн яаралтайгаар дахин нээхийг хичээнгүйлэн уриалж байна. Ингэснээр бүс нутаг даяар удаан хүлээсэн энх тайвныг цаг алдалгүй тогтоох боломжтой болно.
Дайн тулааны улмаас зовж шаналж буй дэлхий даяарх бүх ард түмний төлөө үргэлжлүүлэн залирцгаая. Эвлэрэл болон энх тайван нэн даруй тогтохын тулд Эзэн Тэнгэрбурхан эрх мэдэлтнүүдийн зүрх сэтгэлд хүрч, ухаан бодлыг нь гийгүүлэх болтугай. Франц болон Испанийн хэд хэдэн бүс нутгийг аюулт ойн түймэр сүйрүүлж буй энэ үед би гамшигт өртсөн бүх хүмүүстэй сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлэхийн сацуу тэдний төлөө болон аврах, туслах ажиллагаанд оролцож буй онцгой байдлын салбарынхны төлөө залбирахыг бүгдэд уриалж байна. Өнөөдөр бид зөнч Исаиагийн 'Би чамайг хэзээ ч мартахгүй' (Иса 49:15) гэсэн үгээс сэдэвлэсэн Эмээ, өвөө нар болон ахмад настнуудын Дэлхийн VI өдрийг тэмдэглэж байна. Ахмад настнууд бол сүм хийд болон нийгэмд олгогдсон агуу бэлэг бөгөөд тэдний төлөө хамтдаа Эзэнд талархлаа өргөцгөөе. Мөн тэдний гүйцэтгэж буй үнэтэй хувь нэмрийг хүндэтгэн дээдэлж, тэдэнд хүртэх ёстой халамж, анхаарал, туслалцааг үргэлж үзүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе.
Энд хуран цугласан та бүхэндээ болон Италийн өнцөг бүрээс, мөн дэлхийн өөр өөр орноос хүрэлцэн ирсэн бүх хүмүүст халуун мэндчилгээ дэвшүүлж байна!
"Сүмийн Үйлс" (Opera della Chiesa) нийгэмлэгийн аялагч сүсэгтнүүд болон тэднийг дагалдан ирсэн хамба лам нарт тусгайлан баяр хүргэн угтаж байна. Мөн Ночера Супериоре дахь Архангел Михаил Гэгээнтэний нэрэмжит сүмийн зочноор ирээд буй Украин улсын Чорткив хотын "Энэрлийн Нигүүслийн Өргөө"-ний хүүхдүүдэд; Манербио сүмийн залууст; Гэгээн Жанна-Антид Түрегийн таалал төгссөний 200 жилийн ойд зориулан зохион байгуулж буй Олон улсын залуучуудын цугларалтад оролцогчдод; Бельги улсын Мальдегем хотын "Өнзе-Ливе-Вроу Стер-Дер-Зее" (Ӧnze-Lieve-Vrouw Ster-Der-Zee of Maldegem) Католик оюутны хөдөлгөөний залуу аялагч сүсэгтнүүдэд; мөн дарга нар болон капеллан ламын хамт ирсэн Веллетри дэх Карабинери бэлтгэх сургуулийн сонсогчдод халуун баяр хүргэе.
Мөн Камерун улсын Католик эрэгтэйчүүдийн холбооны гишүүдэд мэндчилгээ дэвшүүлж байна.
Кастель Гандольфогийн "Тоор жимсний баяр"-т оролцож, адислуулахаар ургацынхаа дээжийг авчирсан хүмүүст тусгайлан мэндчилгээ дэвшүүлж байна.
Өнөө орой энд буюу Ром хотын Тибер гол дээр "Мадонна Фиумарола"-гийн уламжлалт үйл ажиллагаа болно. Есүсийн эх Мариа энэхүү сайхан уламжлалд оролцож буй бүх хүмүүст болон бидний хүн нэг бүрд өдөр бүрийг Сайн мэдээний сургаалын дагуу амьдрах ивээл хишгийг хайрлах болтугай.
Та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй!
