Хайх

Il Papa, 'non dimentichiamo le guerre', poi il giro a sorpresa tra i fedeli

Анжелус: Хүлээн зөвшөөрөх эсвэл татгалзах бүрэн эрх чөлөө

Түүний хайр нь зэрлэг өвсөн дунд ч өөрийн оршихуйг мэдрүүлж, хамгийн өчүүхэн үрийн адил далд бөгөөд үл үзэгдэх байдлаар үйлчлэн, зуурсан гурилыг ямар ч чимээ авиагүйгээр исгэн хөөлгөдөг юм.

 ПАП XIV ЛЕО

АНЖЕЛУС

Эрх чөлөөний талбай - Пьяцца делла Либерта (Кастель Гандольфо)
2026 Долдугаар сарын 19

Эрхэм хүндэт ахан дүүс нар аа, Ням гарагийн мэнд хүргэе!

Есүс үр суулгагчийн тухай зүйрлэлээ хэлснийхээ дараа ард олонд хандан хэд хэдэн жишээгээр сургаалаа үргэлжлүүлсэн байдаг. Тэрээр сайн буудай ба хогийн ургамал, гичийн үр болон хөрөнгөний тухай зүйрлэн өгүүлжээ (Матай 13:24–43).

Эдгээр гурван богино сургаал зүйрлэл нь Тэнгэрбурханы Хаанчлал түүхийн туршид хэрхэн ирснийг, хүн төрөлхтний амьдралд нөлөөлж дэлхий ертөнцийг дотроос нь хэрхэн өсгөн тэлж, хувирган өөрчилдөг болохыг бидэнд сануулдаг билээ. Энэхүү дүрслэлээр дамжуулан Есүс биднийг Тэнгэрбурханыг хүчээр өөрийгөө тулгадаг, эрхшээлдээ оруулж ноёрхдог, эсвэл сүр жавхлантайгаар залран ирдэг тийм хүчирхэг нэгэн хэмээн эндүүрч төөрөгдөхөөс сэрэмжлүүлдэг билээ. Үүний оронд Тэнгэрбурхан өөрийн  нандин хайрын илэрхийлэл болох эгэл даруу, өчүүхэн байдлыг илүүд үздэг бөгөөд үүгээрээ Тэр бидэнд Түүнийг хүлээн зөвшөөрөх эсвэл татгалзах бүрэн эрх чөлөөг үлдээдэг билээ. Түүний хайр нь зэрлэг өвсөн дунд ч өөрийн оршихуйг мэдрүүлж, хамгийн өчүүхэн үрийн адил далд бөгөөд үл үзэгдэх байдлаар үйлчлэн, зуурсан гурилыг ямар ч чимээ авиагүйгээр исгэн хөөлгөдөг юм.

Ахан дүүс нараа, Есүс эдгээр сургаал зүйрлэлээрээ дамжуулан Тэнгэрбурхан бидний амьдралд болон хүн төрөлхтний түүхэнд ямар арга замаар ажилладаг тухай нэгэн чухал үнэнийг илчилдэг билээ. Бид заримдаа Тэнгэрбурханаас сүр жавхлантай, ер бусын гайхамшгийг хүлээдэг. Тэрээр тэнгэрээс сүр хүчтэйгээр бууж ирээд, энэ ертөнцийн бүх хилэнц муугийн зэрлэг өвсийг хормын төдийд үндсээр нь сугалан хаяж, миний амьдралд хүчтэйгээр оролцоосой гэж хүсдэг. Бид Тэнгэрбурханыг маш хүчирхэг, эрх мэдэлтэй нэгнээр төсөөлдөг бөгөөд харамсалтай нь, Христийн сүсэгтэн байх болон Сүмийн оршин тогтнох арга замыг ч мөн өөрийн тэрхүү дүр төрхөд нийцүүлэн хэлбэржүүлдэг юм. Гэвч Тэнгэрбурханы Хаанчлал нь зэрлэг өвсөн дунд ч түгэн дэлгэрсээр байдаг тул бид хилэнцэт муугийн харанхуйг үл харгалзан соёолон ургаж буй тэрхүү сайн сайхныг олж харж сурахын тулд мэлмийгээ дасгах, мөн түүнчлэн яаран шүүхээс зайлсхийх шаардлагатай билээ. Энэ нь хамгийн өчүүхэн үрийн адил ирдэг тул эдгээр өсөлт хөгжлийн явцыг тэвчээртэйгээр дагалдахын биднээс шаарддаг бөгөөд ингэснээр бид тэрхүү хаанчлалыг өдөр тутмын амьдралын өчүүхэн зүйлс болон эгэл жирийн оршихуйн энгийн байдал дундаас танин мэдэх боломжтой болдог. Энэ нь гурилан дахь хөрөнгө мэт үл үзэгдэх байдлаар өсөн үрждэг тул биднийг сэтгэл гонсойх, шантрахаас ангижруулж, Тэнгэрбурхан байхгүй мэт санагдах үед ч итгэлтэй байхыг уриалдаг билээ. Үнэн хэрэгтээ Тэр үргэлж бидэнтэй хамт байдаг бөгөөд Түүний хайр бидэнд туслахад ямагт бэлэн байдаг

Тэнгэрбурханы ажиллах тэрхүү арга зам нь биднийг хүрээлэн буй бодит байдал дунд, бидний хувь хүн болон Сүмийн хувиар амьдрах амьдралын маань хэв маяг болох ёстой билээ. Бид бусдыг дээрэнгүй зангаар яаран дүгнэж эсэргүүцэхгүй байх, хүч чадал, эрх мэдлээр өөрсдийн хүслийг тулгахгүй байх, мөн Тэнгэрбурханы үйлчлэлд итгэх итгэлээ алдалгүйгээр Айлдалд төвлөрсөн тэрхүү хандлагыг өөртөө хэвшүүлэхээр дуудагдсан билээ. Тухайн үед Кардинал Ратцингерийн хэлсэнчлэн, энэ нь амжилт ололт, агуу их байдлын логик биш, харин өөрийгөө өчүүхэн болгон бусдад үйлчлэх тэрхүү үрийн логикт өөрсдийгөө даатгах тухай асуудал юм (cf. Address to Catechists and Religion Teachers, 10 December 2000). Ингэснээр бид Сайн Мэдээний соёолон ургах өчүүхэн үрүүд, дэлхий ертөнцийн зуурсан гурилыг хувирган өөрчлөх хайрын хөрөнгө нь болох билээ.

Өөрийн эгэл даруу, өчүүхэн байдал дундаа Үгийн үрийг хэрхэн хүлээн авахаа мэддэг байсан Ерөөлт Эх Мариагаас биднийг амьдралын маань аян замд тэтгэн дэмжиж, бидний төлөө зуучлан залбирч өгөхийг гуйн залбирцгаая.

________________________

Анжелус залбирлын дараа

Хайрт ахан дүүс нар минь, 

Миний бие хэд хоногийн амралт авч буй энэ үедээ Кастель Гандольфогийн нийт оршин суугчид та бүхэнд мэндчилгээгээ дахин дэвшүүлж, талархлаа илэрхийлэхийн сацуу дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж буй мөргөлчдийг баяр хөөртэйгөөр угтан авч байна!

Дайн самуун, хүчирхийлэлд нэрвэгдэн бутарсан улс орнуудад өрнөж буй үйл явдлуудыг бид сэтгэл зовнин үргэлжлүүлэн харсаар байна. Эдгээр мөргөлдөөний улмаас зовж шаналан, амь үрэгдэж буй хүмүүсийг бид мартахгүй байцгаая. Мөн энх тайвны төлөөх харамгүй хичээл зүтгэл бүрээ өөрсдийн тасралтгүй залбирлаар тэтгэн дэмжицгээе.

Амьдралын баяр"-ынхаа хүрээнд Салуццо (Saluzzo) хотод хуран цугласан Эх Эльвирагийн Ченаколо (Cenacolo) нийгэмлэгийнхэнд; Олон улсын сургуульдаа хуран цугласан Фоколари (Focolari) хөдөлгөөний "Шинэ Гэр Бүлүүд" холбооныхонд; APRA зуны сургуульд оролцож буй Мексикийн оюутнуудад, мөн Католик Дэлхийн Үзэл Баримтлалын Нөхөрлөл (Catholic Worldview Fellowship) бүлгийн залууст мэндчилгээ дэвшүүлье.

Олон улсын сургагч багш нарын дамжаанд оролцож буй Рэгнум Кристи (Regnum Christi) хөдөлгөөний залуу гишүүдэд мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу Австрали улсын Сидней хотын Туслах хамба лам Антони Пөрсийн хамт “Арслан эргэл мөргөл”-д оролцож буй нийт сүсэгтэн олон та бүхэнтэй мэндчилж байна.

Түүнчлэн Ром дахь Sisters of Charity of the Assumption нийгэмлэгийн халамж тусламжийг хүртэгч нийт гэр бүл, хүүхэд багачуудад; Иерусалим хотын Ариун Аврагчийн (Holy Savior) Паришийн залууст; Боволента хотын Гэгээн Августины чуулганы хүүхдүүдийн бүлгийнхэнд, мөн Жешув (Rzeszów) хотын Литургийн академийн мөргөлчдөд мэндчилгээ дэвшүүлье!

Та бүхэн минь Ням гарагаа амар тайван сайхан өнгөрүүлээрэй!

 

19 Долдугаар сар 2026, 16:05

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Caeli

Бүгдийг унш >