Анжелус: Эмэгтэй итгэл чинь агуу юм. Хүссэнээр чинь болог
ПАП XIV ЛЕО
АНЖЕЛУС
Кастель Гандольфо
2026 оны 8-р сарын 16, Ням гараг
Хайрт ах дүү нар аа, Ням гарагийн мэнд хүргэе!
Өчигдөр бид Цэвэр охин Мариаг өөрийн Хүүтэйгээ салшгүй холбоотой байгааг тунгаан бясалгасан билээ. Үхэл ч хүртэл үл салгаж чадах бие сэтгэлийн тэрхүү нэгдэл нь мөнхийн амьдрал юм. Ням гараг бүр Есүсийг дагадаг хүмүүст яг адил бүрэн дүүрэн амьдрал, баяр хөөр зориулагдсан гэдгийг бидэнд сануулдаг. Түүний Амилалт бол өнгөрсөнд болсон үйл явдал төдий бус, харин биднийг өөртөө татан оролцуулдаг шинэ амьдрал юм.
Үүнийг өнөөдөр Магтаал талархлын мөргөл дээр тунхаглагдсан Айлдлын гол дүр болох Канаан эмэгтэйн жишээ харуулж байна (Матай 15:21–28-ыг үзнэ үү). Тэр эмэгтэй Есүсийн хүмүүст харьяалагддаггүй, харь нутагт амьдардаг байсан хэдий ч Есүстэй ярилцахыг тууштай эрэлхийлж, аль хэдийн Түүнтэй холбоо тогтоосон шавь мэт Түүнийг даган явжээ. Тэд магадгүй урьд нь хэзээ ч уулзаж байгаагүй ч, нэгэн нууцлаг байдлаар тэр эмэгтэйн дотор итгэл аль хэдийн үндэслэн суусан байлаа. Тэрээр өөрийнхөө төлөө юуг ч хүсээгүй бөгөөд харин шаналал зовлонд нэрвэгдсэн охиндоо амар амгаланг хүсэн эрмэлзэж байв. Тэрээр Давидын үр удам, Аврагч Мессиа хэмээн хүлээн зөвшөөрсөн Есүст өөрийн бүхий л итгэл найдвараа даатгажээ (22-р эшлэлийг үзнэ үү).
Айлдлыг бичигч нь энэ эмэгтэйн өмнө тулгарсан саад бэрхшээлүүдийг нууж хаалгүй өгүүлдэг. Шавь нар нь түүнийг төвөг удаж буй нэгэн хэмээн үзэж, харин Есүс Өөрөө ч түүний гуйлтыг хүлээн авахгүй мэт байлаа. Үнэндээ Эзэн тэр нутаг руу зайлан очсон байсан юм (21-р эшлэлийг үзнэ үү). Бусад үеүдтэй адилаар Тэрээр нам гүм, тусгаар газар очиж залбиран, шавь нартаа зааж сургахыг хүсэж байсан хэмээн бид төсөөлж болно. Гэвч яг тэр мөчид огт төсөөлөөгүй зүйл тохиов. Үүнийг эргэцүүлэн бодвол, Есүс Өөрийн харсан, сонссон зүйлдээ сэтгэл нь хөдлөхийг зөвшөөрснөөр Өөрийн томилолтоо хэрхэн дуулгавартай биелүүлж буйг бид ойлгож болно. Эцэст нь Тэрээр эмэгтэйд хандан: “Эмэгтэй, итгэл чинь агуу юм. Хүссэнээр чинь болог” (28-р эшлэлийг үзнэ үү) хэмээн айлдав.
Өнөөдөр ч мөн адил Сүм нь Тэнгэрбурханы үйл хэргийг гайхан биширч, өмнө нь тогтоосон хил хязгаараас давуулан Христийн амар амгаланг түгээх чадалтай билээ. Сүмийн томилолт нь бидний сүсэг бишрэл, ухамсарын гүнд ажилладаг Тэнгэрлэг ивээлээр урьдаас бэлтгэгдсэн байдаг. Тиймээс учрал бүрд тэр байтугай бидний төлөвлөгөөг өөрчилж буй тэрхүү мөчид ч бид нүд, сэтгэлээ нээж, Тэнгэрбурхан бидэнд юу хэлэхийг хүсэж байгаад анхааралтай чих тавих ёстой юм."
Канаан эмэгтэйгээс бид даруу зан болон тууштай байдлыг суралцаж байна. Түүний итгэлийн ачаар Тэнгэрбурханы зоогийн ширээ хэн бүхэнд зориулан засагдсан байдгийг, мөн Эцгийн дэргэд хүн бүрд өөрийн гэсэн байр суурь бий тул хэн ч зөвхөн үйрмэг төдийгөөр хооллодоггүйг бид ухаардаг (26-27-р ишлэлийг үзнэ үү). Энэхүү итгэлийн гэрэлд Тэнгэрбурханы олон хүүхдүүдийн нэр төрийг уландаа гишгэж буй тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, хана хэрэмнүүдийг тэвчих аргагүйд хүрдэг юм.
Хайрт ах дүү нар аа, бид бол зовлон түгшүүртэй, амар амгаланг эрэлхийлсэн энэ ертөнц дэх Есүс Христийн Сүм билээ. Бидний төлөө зуучлан залбирч өгөхийг Эх Мариагаасаа гуййцгаая. Учир нь 'Түүний уруулаар хүн төрөлхтний түүхэнд хэлэгдсэн хамгийн хүчирхэг, шинэлэг магтаал болох Магнификат (Мариагийн магтаал) тунхаглагдсан юм' (Магнифика Хуманитас, 244). Энэ бол бодит байдлыг Тэнгэрбурханы мэлмийгээр харж чаддаг, тиймээс ч итгэл найдвараа алдалгүй, хайр энэрлээр үйлдэгч нэгний дуулал билээ.
__________________________________
Анжелусын дараа
Эрхэм хүндэт ахан дүүс нар минь,
Баруун эрэгт Палестины энгийн ард иргэдийн эсрэг үргэлжилж буй хүчирхийллийг нэн даруй зогсоохыг уриалсан уриалгаа би дахин илэрхийлж байна. Мөн шударга бөгөөд тогтвортой энх тайвны төлөө хоёр улсын шийдлийг урагшлуулахын тулд олон улсын хамтын нийгэмлэгт яаралтай хүчин чармайлт гаргахыг уриалж байна.
Энэ долоо хоногт Таранто хотод Газар дундын тэнгисийн наадам эхэлнэ. Уг наадамд Газар дундын тэнгисийн бүс нутагт багтдаг Африк, Ази, Европын олон улс оролцоно. Энэхүү спортын арга хэмжээ нь тус бүс нутгийн төдийгүй дэлхийн бүх ард түмний хоорондын энх тайван, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болно хэмээн найдаж байна.
Одоо Кастель Гандольфод Ням гарагийн Анжелус залбиралд хүрэлцэн ирсэн та бүхэндээ халуун дотноор мэндчилж байна.
Төрөл бүрийн улс орноос хүрэлцэн ирсэн мөргөлчдөдөө чин сэтгэлээсээ мэндчилгээ дэвшүүлье. Польшийн мөргөлчдөд мэндчилгээ дэвшүүлэхийн хамт Дээд Силезийн Пиекары Слонские дахь Сүм рүү хийх уламжлалт мөргөлд оролцож буй олон олон эмэгтэйчүүдэд адислалаа хүртээж байна.
Та бүхэндээ аз жаргалтай, ивээл дүүрэн Ням гарагийг хүсэн ерөөе.
