Анжелус: Үнэн болон амийн төлөөх бидний гүн цангааг тайлж, сэтгэлийг маань бүрэн дүүргэгч Нэгэн
ПАП XIV ЛЕО
АНЖЕЛУС
Петр Гэгээнтний талбай
2026 оны 8-р сарын 2, Ням uараг
Эрхэм ахан дүүс нар минь, Ням гарагийн мэндийг дэвшүүлье!
Бид энэхүү Айлдлыг сонсох бүртээ Есүс Христийн үйлдсэн олон гайхамшигт тэмдгүүдийн тухай сонсдог. Эдгээр тэмдгүүд нь Тэр биднийг хэчнээн их хайрлаж, бидний авралын төлөө Өөрийгөө бүрэн дүүрэн зориулсныг илтгэн харуулдаг. Эзэн бол биднийг нүгэл хилэнц болон муу бүхнээс ангижруулж, бидний амьдралыг утга учиртай болгогч Нэгэн мөн билээ.
Христ сохор хүнийг хараа оруулж, дүлий хүний сонсголыг сэргээсэн нь зөвхөн ер бусын гайхамшгийг үзүүлээд зогсохгүй; Тэнгэрбурханы Хаанчлал ойрхон байгааг олон нийтэд тунхаглан зарлаж буй хэрэг байсан юм. Ийнхүү өнөөдрийн Сайн Мэдээний Айлдал (Мт 14:13–21) нь Есүс зөвхөн мэдрэхүй нь дутмаг хүмүүсийн мэдрэхүйг сэргээгээд зогсохгүй, бидний мэдрэхүйг ч мөн сайн сайхан зүйлсээр дүүргэдэг болохыг гэрчилж байна. Сонсгол нь сэргэсэн нэгэнд Эзэн сонсох учиртай Сайн Мэдээг тунхагладаг бол; хараа орсон нэгэнд Тэрээр өөрийнх нь төлөө гүйцэлдэж буй авралын тэрхүү агуу гайхамшигт үйлсийг үзүүлдэг билээ. Мөн түүнчлэн, Есүс өлсөж цанган ядарсан нэгнийг хооллон ундалдаг юм.
Талхыг олшруулсан тухай энэхүү түүх нь Эзэнтэй учран золгох явдал нь хүний амьдралыг үргэлж тэтгэж, бялхуулж байдаг хамгийн нандин зүйл гэдгийг бидэнд ойлгуулж байна. Цөлд буюу биднийг дутагдаж гачигдах үед Христ бол амийн талх мөнөөс мөн билээ. Түүнтэй хамт байхад бидний хэрэгцээ бүхэн бялхам дүүрэн болдог бөгөөд “Бүгд идэцгээж, цадсан байв.” Түүнчлэн үлдсэн хэлтэрхийнүүдийг цуглуулахад “арван хоёр дүүрэн сагс” болжээ (20-р эшлэл). Энэхүү тоо нь Эзэний хайрласан хишиг ивээл нь бүхнийг хамарсан түгээмэл шинжтэй бөгөөд биднийг гэх түүний тэнгэрлэг халамж, ивээл хэзээ ч дундаршгүй болохыг гэрчилж байна.
Эрхэм анд нөхөд өө, Христ бол хүн төрөлхтний өлсгөлөнг, ялангуяа үнэн болон амийн төлөөх бидний гүн цангааг тайлж, сэтгэлийг маань бүрэн дүүргэгч Нэгэн мөн билээ. Түүний энэхүү үйлдэл нь бидэнд бусадтай хуваалцсан зүйл хэзээ ч талаар өнгөрдөггүй, үрэн таран болдоггүй гэдгийг зааж байна. Харин эсрэгээрээ, хөрөнгө хурааж харамлах болон үрэн таран хийх явдал нь нэгэн ижил нүгэл хилэнц болох шунал тачаалын хоёр тал юм. Энэхүү оюун санааны өвчлөл нь эд баялагт шунасан хүний мэдрэмж, сэтгэлийг мохоож, улмаар өлсгөлөндөө гашуудаж, цангаж цөхрөн тусламж эрэн хашхирч буй хүмүүсийг хүртэл мартагнууулхад хүргэдэг. Ийнхүү ялзрал ханхалсан хэт тансаглалын өмнө бид идэх хоолгүй хоцорсон хүмүүсийн тумламж гуйн сунгасан гар, амар амгаланг гээж, гэр орон нь галд шатсан хүмүүсийн дүр төрхтэй нүүр тулдаг билээ.
Дайн дажин, бардамналын цөл мэт хоосролын өмнө Эзэн ямар их энэрлээр “тэнгэр өөд харж, ерөөгөөд”, олон түмэнд түгээлгэхээр “талхнуудыг хуваан, шавь нартаа өгсөн”-ийг эргэцүүлэн бодоцгооё (19-р эшлэлийг үзнэ үү). Энэхүү хайр энэрлийн гайхамшгаас бид Есүсийн үйлдлийн мөн чанарыг танин хардаг бөгөөд энэ нь Эцсийн зоогийн үеэр оргилдоо хүрсэн юм. Учир нь тэр л үед Тэнгэрбурханы Хүү хүн төрөлхтний хувиар бидний ахан дүү болж, Өөрийн амийг бидний төлөө өгсөн билээ. Бид Эвхаристийн ивээлийг хүртэж буйн хувиар энэхүү сайн сайхныг өдөр тутмын үйл хэргээрээ гэрчлэхээр хичээхийн сацуу үүнийг гэр бүл, анд нөхдийнхөө хамт хоолны ширээний ард суун, зоог ундаа ерөөж талархахаас эхлүүлэх учиртай билээ. Хэрэв бид тусламж хэрэгтэй байгаа элгэн садан, хөрш зэргэлдээ хүмүүстээ тусламжийн гараа сунгаж чадвал, Есүсийн нөмөр нөөлөг дор амралтын өдрүүд маань ч ахан дүүсийн амар тайван цаг хугацаа болон хувирах боломжтой билээ.
Бидний хайртай Эх, Цэвэр охин Мариагаас биднийг хайр энэрэл дотор өсөн дэвжихэд туслахыг гуйн залбирцгаая. Ингэснээр хэн ч өдөр тутмын талхаар дутагдахгүй байх болтугай.
________________________
Анжелус залбирлын дараа
Эрхэм ах дүү нар аа,
Сеута хотод болоод байгаа түгшүүртэй нөхцөл байдалд миний бие сэтгэл зовниж, Африкийг тэтгэгч Эх Мариа бидний төлөө залбирч, тэнд амар амгалан, тогтвортой байдал, шударга ёсыг авчрах зөв шийдэл олдоосой хэмээн Тэнгэрбурханаас гуйж байна.
Дэлхий даяар дайн дажин төгсгөл болж, асуудлыг яриа хэлэлцээр, дипломат аргаар шийдэхийн төлөө бүгдээрээ энх тайвны залбирлаа зогсолтгүй өргөцгөөе. Дайны хөлд өртөж, хохирсон бүх хүмүүсийг, ялангуяа хамгийн эмзэг, ядарсан хүүхдүүд, хөгшчүүл, өвчтэй хүмүүсийг үргэлж сэтгэлдээ санаж явцгаая. Эзэн Тэнгэрбурхан зовж зүдэрсэн хүмүүсийн сэтгэлийг дэвтээж, тэдэнд тусламж, тайтгарал хүргэж байгаа хүмүүсийн ажил үйлсийг ивээх болтугай.
Энэ өдрүүдэд “Ассисигийн Өршөөл” баяр тохиож байна. Францис Гэгээнтэн 1216 онд Porziuncola сүмд залбирч байхдаа Тэнгэрийн элч нараар хүрээлүүлсэн Есүс, Мариа эх хоёрыг ер бусын үзэгдлийг олж харан, урам зориг авчээ. Үүнийхээ дараа тэрээр Пап лам Хонориус III-аас энэхүү Нүглийн өршөөлийг авч чадсан байдаг. Энэхүү агуу хтштг ивээлд бүгдээрээ талархаж, сэтгэлдээ нандигнан явцгаая. Нэн ялангуяа, 1226 оны 10-р сарын 3-нд Porziuncola сүмд насан эцэслэсэн Ассисигийн даруухан Францис Гэгээнтний Тэнгэрт хальсны 800 жилийн ой энэ жил тохиож байгаа тул үүнийг улам бүр эрхэмлэн нандигнацгаая.
Ромын иргэд болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эргэл мөргөлчид та бүхэндээ мэнд хүргэе! Ялангуяа Падуа мужийн Сакколонго болон Креола сүмийн залуучуудад; Алтамура хотын Гэгээн Иохан Боско сүмийн залууст; Кастельфранко Венетогийн шашны залуучуудын холбооныхонд болон тэднийг дагалдан яваа ахлах санваартан, багш нарт нь халуун мэндчилгээ дэвшүүлж байна.
Бүгдээрээ Ням гарагийг сайхан өнгөрүүлээрэй!
