Режина Чэли: Хуурамч хайраас ангижруулах зам
Эрхэм ахан дүүс минь, ням гарагийн мэнд хүргэе!
Өнөөдрийн Сайн Мэдээний Айлдлаас бид Есүс Сүүлчийн оройн зоогийн үеэр шавь нартаа хандаж хэлсэн үгсийг сонслоо. Христ талх, дарсыг Өөрийн хайрын амьд илэрхийлэл болгон хувиргахдаа “Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахина” (Иохан 14:15) хэмээн айлдсан билээ. Түүний энэ айлдал нь биднийг нэгэн төөрөгдлөөс гэтэлгэдэг. Тэрхүү төөрөгдөл нь бид Түүний тушаалыг биелүүлж байгаа учраас л Түүнд хайрлагддаг гэх ташаа бодол буюу бидний зөв шударга байдал Тэнгэрбурханы хайрыг хүртэх урьдач нөхцөл мэтээр андуурах явдал юм. Үнэндээ Бурханы хайр л бидний зөвт байдлын үндэс суурь нь болдог. Христийн ертөнцөд илчилсэн шиг тэрхүү агуу хайрыг ухааран таних үед бид Бурханы хүсэл тааллын дагуу тушаал заавруудыг нь чин сэтгэлээсээ дагаж мөрддөг. Тиймээс Есүсийн үгс бол биднийг сүрдүүлсэн шахалт эсвэл эргэлзээ төрүүлэм тулган шаардалт биш, харин Түүнтэй тогтоох харилцааны урилга юм.
Тийм ч учраас Эзэн бидэнд Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун хэмээн тушаасан билээ (Иохан 13:34). Учир нь Есүсийн тэрхүү хайр л бидний дотор хайрыг төрүүлэн амилуулдаг юм. Христ Өөрөө жинхэнэ хайрын хэмжүүр бөгөөд стандарт нь мөн. Энэ бол үүрд мөнхөд үнэнч, ариун бөгөөд ямар ч болзолгүй хайр юм. Энэ хайр “гэхдээ” эсвэл “магадгүй”-г мэдэхгүй. Энэ бол эзэмшхийг хичээдэггүй, харин өөрийгөө зориулдаг хайр, хариу нэхэлгүйгээр амь бэлэглэдэг хайр юм. Бурхан биднийг анхлан хайрласан учраас бид хайрлаж чаддаг. Бид Бурханыг чин сэтгэлээсээ хайрлах үедээ бие биеэ ч мөн адил үнэнээр хайрлаж сурдаг. Энэ нь амьдралын өөрийнх нь мөн чанар мэт. Зөвхөн амь хүлээн авсан хүн л амьдарч чаддагийн адил, зөвхөн хайрлуулж үзсэн хүн л хайрлаж чадна. Тиймээс Эзэний тушаалууд бол биднийг хуурамч хайраас ангижруулах амьдралын зам юм. Эдгээр тушаалууд нь авралд хүргэх сүнслэг амьдралын хэв маяг билээ.
Эзэн бидэнд хайртай учраас л амьдралын сорилт бэрхшээл дунд биднийг хэзээ ч ганцааранг нь орхидоггүй. Тэр бидэнд Параклет буюу Өмгөөлөгч болох “Үнэний Сүнс”-ийг (Иохан 14:17) амласан билээ. Энэхүү бэлгийг “ертөнц хүлээн авч чадахгүй” (ижил). Учир нь ертөнц хорон муу зүйлд автаж, ядуусыг дарлан, сул дорой нэгнийг гадуурхаж, гэм зэмгүй хүмүүсийн аминд хүрсээр байна. Харин Есүсийн тэрхүү бүгдийг гэсэн хайранд хариу барьдаг хүмүүсийн хувьд Ариун Сүнс бол хэзээ ч орхихгүй хүчирхэг холбоотон нь байх болно. Есүс айлдахдаа “Тэр та нартай хамт байж, та нарын дотор байх тул та нар Түүнийг мэднэ” (ижил) гэсэн билээ. Тиймээс бид хайр болох Бурханыг хаана ч, хэзээ ч гэрчилж чадна. Хайр гэдэг бол хүний оюун бодлоос төрсөн санаа биш, харин хоосон байдлаас бүх зүйлийг бүтээж, үхлээс аварсан Тэнгэрбурханы оршихуйн бодит үнэн юм.
Есүс бидэнд үнэн бөгөөд мөнхийн хайрыг бэлэглэснээр Өөрийнхөө “хайрт Хүү” хэмээх мөн чанарыг бидэнтэй хуваалцдаг. Тэрээр “Би Эцэгийн дотор, та нар Миний дотор, Би та нарын дотор” (20-р эшлэл) хэмээн айлдсан. Амьдралын энэхүү бүхнийг хамарсан нэгдэл нь Буруутгагчийг буюу бидний өмгөөлөгч Ариун Сүнсний дайсан, эсрэг талын сүнсийг няцаадаг юм. Хэрэв Ариун Сүнс үнэний хүч мөн бол, Буруутгагч нь хүн төрөлхтнийг Бурханы эсрэг турхирч, хүмүүсийг хооронд нь хагаралдуулахыг эрмэлздэг “худал хуурмагийн эцэг” (Иохан 8:44) билээ. Энэ нь биднийг муу бүхнээс аварч, Сүм дотор ахан дүүсийн нэгдмэл ард түмэн болгон нэгтгэдэг Есүсийн үйл хэргийн яг эсрэг зүйл юм.
Эрхэм найз нөхөд өө, энэхүү агуу бэлэгт талархан, Тэнгэрлэг Хайрын Эх болох Цэвэр Охин Мариагийн зуучлалд өөрсдийгөө даатгацгаая.
