Режина Чэли: Бүх хүнд зориулсан орон зай
Хайрт ах эгч дүүс ээ, Ням гарагийн мэнд хүргэе!
Дээгүүр өнгөрөх цаг улирлын туршид бид эхлэл үедээ байсан Сүм хийдийн адил Есүсийн хэлсэн үгс рүү анхаарал хандуулж байна. Эдгээр үгсийн жинхэнэ утга учир Түүний зовлон шаналал, үхэл ба амилалтын гэрэлд бүрэн илчлэгддэг юм. Нэгэн цагт шавь нарынх нь ойлгохгүй өнгөрсөн эсвэл тэднийг шаналгаж байсан тэрхүү зүйлс одоо тэдний санаанд дахин бууж, зүрх сэтгэлийг нь дулаацуулан, итгэл найдвараар дүүргэж байна.
Энэ ням гарагийн Сайн мэдээний айлдал нь Сүүлчийн оройн зоогийн үеэр Багшийн шавь нартайгаа хийсэн харилцан яриаг толилууллаа. Тухайлбал, Түүний Амилалтын нууцад биднийг одооноос эхлэн татан оролцуулах нэгэн амлалтыг бид сонслоо. Есүс хэлэхдээ: “Би явж, та нарт орон байр бэлдчихвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно. ” (Иохан 14:3) хэмээжээ. Ийнхүү Элч нар Бурханд хүн бүрт зориулсан газар бий гэдгийг олж мэддэг. Тэдний хоёр нь Иордан голын эрэг дээр Есүстэй анх учрахдаа үүнийг аль хэдийн мэдэрсэн байв. Есүс өөрийг нь дагаж яваа тэднийг анзаараад, тэр өдрийнхөө үдээс хойш Өөрийн байрлаж буй газартаа зочлохыг урьсан байдаг (Иохан 1:39 эш татав).
Энэ удаа ч гэсэн үхлийн өмнө ирсэн Есүс маш уудам, том гэр орны тухай өгүүлж байна. Энэ бол Түүний Эцэг буюу бидний Эцэгийн гэр бөгөөд тэнд хүн бүрт зориулсан орон зай бий. Хүү Өөрийгөө өрөө тасалгаануудыг бэлтгэдэг зарц мэтээр дүрсэлсэн нь ахан дүүс бүр тэнд очихдоо өөрт нь зориулсан өрөө бэлэн байгааг харж, үргэлж тэднийг хүлээж байсан мэт, эцэст нь гэрээ олсон мэт мэдрэмжийг авах юм.
Эрхэм найз нөхөд минь, бидний амьдарч буй энэ хуучин ертөнцөд хүмүүс ихэвчлэн бусдад олдоод байдаггүй онцгой газрууд, цөөн хэдэн хүн л мэдэрч болох ховор боломжууд болон бусдын орж чадахгүй газарт нэвтрэх давуу эрхэд илүү их татагддаг. Харин амилсан Нэгэний биднийг хөтлөн оруулж буй тэрхүү шинэ ертөнцөд хамгийн үнэ цэнтэй зүйлс хүн бүрт нээлттэй, хэн бүхний хүртээл болохуйц байдаг. Гэсэн хэдий ч энэ нь тэрхүү зүйлийн сэтгэл татам байдлыг огтхон ч бууруулдаггүй. Харин ч эсрэгээрээ, хүн бүрт нээлттэй байх нь харин баяр хөөрийг авчирдаг. Өрсөлдөөнийг талархал орлож, гадуурхлыг халуун дотно угталт ялан дийлж, элбэг дэлбэг байдал нь тэгш бус байдлын шалтгаан байхаа болино. Хамгийн гол нь тэнд хэн ч хэнтэй ч андуурагдахгүй бөгөөд хэн ч гээгдэхгүй. Үхэл нь хүний нэр болон дурсамжийг арчин одохоор заналхийлдэг ч Бурханы ивээл дор хүн бүр бүрэн дүүрэн өөрөөрөө оршдог. Үнэндээ бид амьдралынхаа туршид үүнийг л эрж хайсаар ирсэн бөгөөд заримдаа өчүүхэн төдий анхаарал, хүлээн зөвшөөрөгдсөн байдлын төлөө юугаа ч зориулахаас буцдаггүй билээ.
“Итгэлтэй бай” гэж Есүс бидэнд хэлдэг. Энэ л гол нууц юм! “Тэнгэрбурханд итгэ, мөн Надад итгэ” (Иохан 14:1). Яг л энэ итгэл бидний зүрх сэтгэлийг аливааг өмчлөх, олж авах гэсэн хүсэл шуналаас, мөн өөрийн үнэ цэнийг мэдрэхийн тулд заавал нэр хүндтэй байр суурь руу тэмүүлэх ёстой гэсэн төөрөгдлөөс чөлөөлдөг. Хүн бүр Бурханы нууц дотор хэдийнэ хязгааргүй үнэ цэнтэй оршдог бөгөөд энэ нь л жинхэнэ бодит үнэн юм. Есүс биднийг хайрласан шиг бид бие биеэ хайрласнаар энэхүү ухамсар, ойлголтыг бие биедээ дамжуулан өгдөг билээ. Энэ бол шинэ тушаал юм. Бид үүгээр дамжуулан тэнгэрийн хаанчлалыг газар дэлхий дээр урьдчилан мэдэрч, ахан дүүгийн ёс болон амар амгалан бол бидний дуудлага гэдгийг бүгдэд илчилдэг. Үнэхээр ч хайраар дамжуулан, үй олон ах дүүсийнхээ дунд хүн бүр өөрийгөө дахин давтагдашгүй, онцгой нэгэн гэдгээ олж мэддэг билээ.
Тиймээс Загалмайн сүсэг бишрэлтний хамт олон бүр бусдад нээлттэй, хэн бүхэнд анхаарал халамж тавьдаг гэр орон байхын төлөө Сүм хийдийн Эх, Хамгаас ариун Эх Мариад хандан залбирцгаая.
