Анжелус: Бид өөрсдөө ч олж харж чаддаггүй тэрхүү сайн сайхны нөөц боломж
ПАП XIV ЛЕО
АНЖЕЛУС
Эрх чөлөөний талбай - Пьяцца делла Либерта (Кастель Гандольфо)
Жирийн цаг улирал 15 дахь долоо хоног, 2026 Долдугаар сарын 12
Эрхэм хүндэт ахан дүүс та бүхэндээ бүтэн сайн өдрийн мэндийг дэвшүүлье!
Өнөөдрийн шашны ёслолоор Матай айлдал бидэнд "Үр суулгагчийн тухай сургаалт зүйрлэл"-ийг (Мт 13:1–23-р эшлэл) толилуулж байна. Энэхүү зүйрлэл нь Тэнгэрбурхан Өөрийн Үгийг бидний зүрх сэтгэлд хэчнээн өгөөмрөөр, итгэл дүүрэн тарьдаг болохыг, мөн бидний доторх Түүний хүч чадлыг харуулдаг юм.
Бидний авралын төлөө Өөрийн амийг өргөж, махан бие болж мэндэлсэн Үг болох Есүс Өөрөө Эцэг Тэнгэрбурханы дэлхий даяар тасралтгүй тарьж буй тэрхүү үр юм. Тэрээр үхсэнээрээ арвин их үр жимс ургуулах билээ (Иох 12:24-р эшлэл). Заримдаа Тэр бидний дотор хатуу, хүлээн авахад бэлэн бус хөрсийг олдог нь үнэн. Харин зарим үед бидний сэтгэл анхаарал сарнисан, гишгэгдсэн жим, чулуурхаг газар эсвэл өргөст буттай хөрс мэт байдаг. Гэвч Тэр бидний дотор хүлээн авахад бэлэн, үржил шимтэй хөрсийг олдог мөчүүд ч байдаг. Тийм үед хайрын гайхамшгууд эхэлж, бүхнийг өөрчлөх хүчтэйгээр өрнөдөг. Үүнийг бид өөрсдийн амьдралдаа ч эргэлзээгүйгээр мэдэрч, туулсан билээ. Тиймээс Эцэг үрээ цацсаар байдаг. Учир нь Өөрийн хайрын хүч нь бидний сул дорой байдлаас илүү хүчирхэг гэдгийг Тэр мэддэг (2 Коринт 12:9–10).
Иохан Хризостом Гэгээнтэн Тэнгэрбурханы үгийг үртэй зүйрлэн: Өргөс бутны дунд, чулуутай газарт эсвэл замын хажууд үр тарих нь ямар ч утгагүй хэрэг биш үү? хэмээн асуужээ.
Тэнгэрбурханы бидэн рүү ханддаг өгөөмөр сэтгэл нь гэнэн мунхаг биш харин мэргэн ухаанаар бялхам билээ. Тэрээр бид өөрсдөө ч олж харж чаддаггүй тэрхүү сайн сайхны нөөц боломжийг бидний дотроос олж хардаг нэгэн билээ. Тийм ч учраас бидний зүрх сэтгэлийн гүн дэх бодлыг өөрсдөөс маань илүү сайн мэддэг Эзэн бидэнд, бидний өнөөдрийн байгаа байдалд төдийгүй, хэрэв Түүнд итгэж найдан даатгаж чадвал өдөр өдрөөр хэн болж өөрчлөгдөж чадах вэ гэдэгт хэзээ ч итгэл алдардаггүй.
Эцэст нь хэлэхэд, үрийг харамгүй цацсан тэрхүү өгөөмөр сэтгэл, итгэл нэгэнтээ батжиж, түүнийг нь бид даруухан бөгөөд нээлттэй сэтгэлээр хүлээн авч чадвал Ариун Сүнсний үр жимс бидний дотор өсөн торниж, цааш улам бүр түгэн дэлгэрэх болно. Паул Гэгээнтэн эдгээр үр жимсийг "хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэмжит чанар, дөлгөөн зан, өөрийгөө захирах" юм. (Гал 5:22) хэмээн заасан байдаг. Эдгээр үр жимсээр бялхаж, тэдгээрийн хүчээр өөрчлөгдөн шинэчлэгдэх нь өнөөгийн манай дэлхий ертөнцөд маш ихээр үгүйлэгдэж, яахын аргагүй шаардлагатай байна!
Иймд бид, ялангуяа зуны амралтын эдгээр өдрүүдэд Тэнгэрбурханы Үгийг сонсох, унших, тунгаан бодоход зориулан цаг гаргахыг хичээцгээе. Ингэхдээ бие махбодоо амрааж, эрүүл зөв, сайхан дурсамж бүтээхийн зэрэгцээ сэтгэлээ ариусгах утга учиртай нам гүм байдал болон залбирлын мөчүүдийг өөртөө цогцлооё. Бие махбод болон сүнсээ шинэчлэн, өдөр тутмын ажил амьдралдаа эргэн орох үедээ Айлдлыг тунхаглахад бэлэн байхын сацуу Тэнгэрбурханы Хаанчлалын өсөлт хөгжилд хувь нэмрээ оруулах илүү их чадамжтай болох билээ.
Элч нарын Хатан хаан бөгөөд Сайн Мэдээг дэлгэрүүлэгчдийн Хөтөч од Гэгээн Эх Мариа бидэнд туслах болтугай
__________________________
Анжелус залбирлын дараа
Хайрт ахан дүүс нар минь,
Миний бие хэд хоног амран суугаа энэхүү үзэсгэлэнт Кастель Гандольфо хотхоны оршин суугчдад мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн та бүхнийг, нийт мөргөлчдийг баяр баясгалантайгаар угтан авч байна!
Харамсалтай нь, Ойрхи Дорнод, Украин болон дэлхийн бусад олон бүс нутагт дайн самууны хар салхи дахин шуурч, хүчирхийлэл, айдас террорист үйл ажиллагаанууд, үхэл хагацал тарин, олон арван гэм зэмгүй хүмүүсийг хохироосоор байна. Энэхүү хар салхи итгэл найдвар, амар амгалангийн дөл мөхөөж буй мэт боловч түүнийг бүрмөсөн унтраахыг бид зөвшөөрөх учиргүй.
Бид харилцан яриа, нүүр тулсан уулзалт болон дипломат харилцааны замаас хазайхгүй тууштай байна гэдэгт итгэх итгэлээ дахин бататгаж байна. Учир нь энэ бол үндэстэн ястнууд харилцан эвлэрч, бие биенийхээ аюулгүй байдлыг ханган, хүн бүрийн нэр төр, үнэ цэнийг харилцан хүндэтгэж амьдрах боломжтой тэрхүү шударга бөгөөд бат бөх энх тайванд хүргэж чадах цорын ганц зам билээ.
Өнөөдөр бол “Далайн ням гараг” билээ. Хайртай дотно хүмүүсээсээ хол ангид байхын гуниг хагацал, заримдаа далай тэнгист үүсэж буй мөргөлдөөнөөс эмээх айдас хүйдэст автдаг ч; өөрсдийн тэвчээртэй бөгөөд чимээгүй хөдөлмөрөөрөө дэлхийн худалдаа наймаа болон олон арван үндэстний амьдралыг тэтгэж байдаг дэлхийн өнцөг булан бүрийн нийт далайчид, загасчид болон боомтын ажилчдад та бүхнийг ми сэтгэлдээ тээн байна.
Төгсгөлд нь, Jasna Góra иконыг зорьж, жил бүрийн ариун мөргөлдөө оролцохоор хуран цуглардаг Польшийн олон мянган сүсэгтэн ах дүүсийнхээ төлөө би залбирч байна. Тэд Тэнгэрбурханы үгийг түгээгч элч нарын хувиар Айлдлыг бусдад баяр хөөртэйгөөр гэрчлэн таниулах болтугай.
